Шинэчлэлийн Засгийн газрын бүрэлдэхүүнд баг таж буй МАХН эвслээс гарна хэмээн мэдэгдэж, улс төрийн хүрээнд дуулиан тариад байгаа. Засгийн газрыг орхих МАХН-ын тоглолтыг УИХ-ын зарим гишүүн болон хуульч хэрхэн хүлээн авч байгааг тандан, тэдний байр суурийг нь сонссон юм.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар: УЛСТӨРЧИД ӨӨРСДӨӨ АРД ТҮМНИЙ ЗОВЛОН БОЛЧИХЛОО .jpg)
Улс төрийн хүрээнд үүссэн нөхцөл байдлыг УИХ дахь бие даагчдын зөвлөл онцгой анхаарч, ажиглаж байна. МАХН Засгийн газраас гарах шийдвэрээ албан ёсоор гаргавал бие даагчдын зөвлөл байр сууриа илэрхийлнэ. Бид Төр түвшин байж, түмэн олон амгалан байгаасай гэсэн байр суурьтай ажиллаж ирсэн. Төрд шударга ёс тогтоох нь бидний туйлын зорилго.
Өнөөдөр намчирхаж байгаа улстөрчдийг ард түмэн тулгарч байгаа асуудал бэрхшээлийг маань шийдэж өгөөрэй гэж сонгосон. Гэтэл эсрэгээр тэд өөрсдөө бидний зовлон бэрхшээл болчихлоо. Сандал ширээ ярьж байхаар Оюутолгойн гэрээг нааштай болгож, төмөрлөгийн үйлдвэр, төмөр зам, шинэ нисэх онгоцны буудлаа байгуулж, иргэдээ ажилтай болгомоор байна. МАХН-ыг эвслийн Засгийн газраас битгий гараасай гэж бодож байна.
УИХ-ын гишүүн Р.Бурмаа: НЭР ДЭВШҮҮЛСЭН СУБЪЕКТ БАЙХГҮЙ БОЛВОЛ ГИШҮҮДИЙН АСУУДАЛ ХӨНДӨГДӨНӨ
УИХ дахь МАХН-ын гишүүд эвслийн нэрээр УИХ-д сонгогдсон. Хэрвээ тэд эвслийн Засгийн газраас гарч, нэр дэвшүүлсэн субъект байхгүй болоход хүрвэл тэндээс сонгогдсон гишүүдийн асуудал яригдана гэсэн үг. Засгийн газар задрахад хүрвэл улс орны хувьд хохиролтой байх нь ойлгомжтой.
УИХ-ын гишүүн Г.Уянга: ЗАСГИЙН ГАЗРЫГ ХАДГАЛЖ ҮЛДЭХИЙН ТӨЛӨӨ АЖИЛЛАНА.jpg)
Үйл явдлыг ноцтой зүйл гэж үзэхгүй байна. Нарийндаа МАХН-ын Гүйцэтгэх товчооны шийдвэр гэж байгаа ч энэ байгууллагын 100 хувийн саналаар дэмжсэн шийдвэр биш юм билээ. МАХН Засгийн газраас гарлаа гэсэн мэдэгдэл ч биш. Тэгвэл гарна, гарчихна гэсэн утга агуулаад байгаа. МАХН-ын Гүйцэтгэх товчоо эвсэл тараах, Засгаас гарах эрх бүхий субъект биш. Эвслийн асуудал өөрөө УИХ-ын Сонгуулийн тухай хуулиар зохицуулагдана.
Мэдээж хэрэг тус нам асуудлаа хэлэлцэхдээ манай намтай зөвшилцөх албагүй ч эвслийн хэмжээний асуудлыг дангаараа биш, харилцан ярилцаж шийдэх шаардлагатай. Тийм учраас МАХН-ын байр суурь эвслийн хувь заяанд шийдвэрлэх нөлөө үзүүлэхгүй. Одоо үйл явдлыг ажиглаж байна. МАХН-ын зарим сайд бид Засгийн газраас гарсан ч Засгаа дэмжиж, эвслээ хадгалж үлдэх байр суурьтай байгаа гэж байна лээ. Манай нам энэ асуудалд онцын ач холбогдол өгөөгүй учраас хуралдаагүй. Үйл явдлыг нарийн ажиглавал МАХН доторх зөрчил ил гарч байна уу гэж харагдаж байгаа. Энэ Засгийн газрыг хадгалж үлдэх нь үндэсний эрх ашигт нийцэх учраас бид хамгаалахын төлөө ажиллана.
УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан: МАХН ГАРСНААР ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТВОРТОЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД НӨЛӨӨЛӨХГҮЙ
Эвслийн Засгийн газраас нэг субъект гарах гэж байгаа тухай мэдээг хэвлэл мэдээллийн хэрэгслээс авсан. Гэхдээ мэдээллийг эцсийн шийдвэр гэж үзэхгүй байгаа. Үйл явдал цаашдаа хаашаа явах гэж байгааг харж байна. Хэрвээ МАХНын гишүүд шийдвэрээ гаргаж, Засгийн газраас гарлаа гэхэд гурван сайдын л асуудал яригдана. Энэ бол Засгийн газрын тогтвортой үйл ажиллагаанд нөлөөлөхгүй гэсэн үг.
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн тэнхимийн эрхлэгч, профессор. Ж.Бямбаа: МАХН ДОТРОО ХУВААГДАХ
МАГАДЛАЛТАЙ
-Улстөрчдийн тоглоомын дүрмийг хуульч хүн дүгнэхэд хэцүү болсон. Улс төрийн бүлэглэл, хувь хүмүүс хуулийг өөр өөрийнхөөрөө тайлбарладаг болсон учраас МАХН Засгаас гарснаар эвслийн болон Засгийн газрын эрх зүйн чадамжид нөлөөлж ч болно, нөлөөлөхгүй ч байж болно. Эвслийнх нь Удирдах зөвлөл МАХН-ын шийдвэрийг зөвшөөрөхгүй бол Засгийн газрын үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх боломжтой.
Харин МАХН-ын хувьд бол дотроо хоёр хуваагдах магадлалтай. Нэг дэх нь шударга ёс тогтоох, Н.Энхбаяраа хамгаалах зорилгодоо үнэнч хүмүүс байхад, хоёр дахь нь буюу Ч.Улаан тэргүүтэй прагматик хэсэг нь намаа нэг хүний биш олон нийтийн нам болгох талд зогсох магадлалтай. МАХН цаашид нэг хүнд ингэж хэт үйлчилсээр байвал энэ нам оршин тогтнох орон зайгүй л болох байх.
Д.ОТГОН, Д.ОЮУН