“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх асуудал яригдаад удаж буй. Энэ ажлын явцыг Санхүүгийн зохицуулах хороо хариуцаж байгаа бөгөөд УБЕГ-тай мэдээлэл солилцож, шинэчилсэн бүртгэлд хамрагдсан 2.7 сая иргэний мэдээллийг хүлээн авч 536 ширхэг хувьцааг иргэн бүрийн нэр дээр эзэмшүүлэх бүртгэлийн ажлыг эхлүүлсэн байна. Дээрх иргэдээс 527.3 мянга нь төвлөрсөн хадгаламжид данстай болжээ. 1072 ширхэг хувьцаа эзэмших эрх бүхий 727.5 мянган иргэнд бичилт хийгдсэн.
Харин нэг сая төгрөгөө авах хүсэлтэй нэг сая 65 мянган иргэний нэрсийн жагсаалтыг аваад байгаа аж. Санхүүгийн зохицуулах хороо 1990 оноос хойш хийгдсэн өмч хувьчлалын цэнхэр, ягаан тасалбарын үр шимийг хүртэж чадаагүй хохирсон иргэдийн асуудлыг шийдвэрлэхийн тулд хувьцаат компаниудад шалгалт хийж, 166 компанийн асуудлыг цэгцлэн, ногдол ашгаа өгдөггүй, хувь нийлүүлэгчдийн хурлаа хийдэггүй компаниудын арилжааг зогсоох арга хэмжээ эвчээ.
Мөн цэнхэр, ягаан тасалбарыг өөрт нь мэдэгдэлгүй арилжсан, хохироосон бол иргэд Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргаж цагдаа, хууль, шүүхийн байгууллагад хандах замаар шийдүүлж болно гэж тус газрын дарга Д.Баярсайхан өчигдөр болсон Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд мэдээлэл өглөө.