Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын албан хаагчид цалингаа авч чадахгүй сар болж байгаа гэнэ. Энэ талаар газрын дарга Г.Баярсайханаас тодрууллаа.
-Танай байгууллагын албан хаагчид яагаад цалингаа авч чадахгүйд хүрсэн бэ?
-Энэ бол цэвэр улстөржиж байгаа хэрэг. Нийслэлийн төрийн санд манай байгууллага харилцах данстай. Хуулиараа энэ харилцах дансыг хаах, нээх эрх Нийслэлийн Засаг даргад байхгүй. Гэтэл манай санхүүгийн тайлан балансад ямар нэгэн зөрчил дутагдал огт гараагүй байхад өнгөрсөн сарын 13-нд манай харилцах дансыг хаалаа гэж мэдээлсэн. Намын харьяаллаас болоод намайг шахалтад оруулах гэж хотын мээр Э.Бат-Үүлийн заавраар холбогдох хүмүүс нь ийм шийдвэр гаргасан байна. МХЕГ-аас шууд удирдлагатай, улсаас төсвөө авдаг төрийн байгууллага. Нөгөө талаар Төрийн алба гэдэг бол тасралтгүй, хэвийн үргэлжлэх ёстой, намчирхаж улстөржих ёсгүй.
-Танай зүгээс цаашдаа ямар арга хэмжээ авах вэ?
-Бид холбогдох газар болон Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд ямар үндэслэлээр манай харилцах дансыг хааж байгааг тодруулахаар албан тоот хүргүүлсэн. Бас Сангийн яам болон бусад холбогдох газрынхантай уулзаж асуудал тавьж байгаа. Гэсэн ч одоогоор шийдвэртэй хариу ирээгүй байна. Мэргэжлийн хяналтын алба бол Монгол Улсын хүн амын эрүүл мэнд, амь нас, үндэсний аюулгүй байдлыг үүрч явдаг байгууллага. Энэ бол зөвхөн ажилчдын цалингийн асуудал төдий биш. Төсөв байхгүй учраас манайх үйл ажиллагаагаа ч хэвийн үргэлжлүүлэх боломжгүй байна.
Ч.Мөнхзу л