Уулсын орон Кыргызийн нийслэл Бишкек хотод Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өчигдөр хоёр дахь өдрөө саатаж, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын Засгийн газрын тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцлоо. Тэрбээр “Туркиш эйрлайнз”- ийн шууд нислэгээр энэ сарын 4-нд тус хотод хөл тавьсан юм. ШХАБ-д ОХУ, БНХАУ, Казахстан, Кыргыз, Тажикстан, Узбекистан улс албан ёсны гишүүн нь байдаг бол, Монгол, Иран, Пакистан, Энэтхэг зэрэг улс 2004 онд ажиглагчийн статустай болсон байна. Манай улсын хувьд ШХАБ-д ажиглагч байснаар Төв Азийн бүсэд өрнөж буй улс төр, эдийн засгийн хамтын ажиллагааны үйл явцад идэвхтэй оролцох боломж бүрдсэн.
Мөн тус бүс нутгийн олон талт хамтын ажиллагаанд оролцох гол суваг нь ШХАБ болдог. Гишүүн орнуудынхаа итгэлцэл, сайн хөршийн харилцааг бэхжүүлэх, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангах, терроризм, салан тусгаарлах болон хэт даврах үзэл, хар тамхины хууль бус наймаатай хамтран тэмцэх нь уг байгууллагын гол зорилго юм байна. Тиймээс өргөтгөсөн хуралдааны үеэр үндсэн эл зорилгынхоо хүрээнд талууд санал, бодлоо солилцлоо. Засгийн газрын тэргүүн нарын өргөтгөсөн хуралдааны индэр дээрээс Ерөнхий сайд Н.Алтанхуяг УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн үр дүн, шинэчлэлийн Засгийн газрын баримталж буй чиг, бодлогыг танилцуулав.
ШХАБын үйл ажиллагаа, тэр дундаа дэд бүтэц, эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаанд манай улс түлхүү ач холбогдол өгдөг. Тиймээс Олон улсын авто замын тээвэрт таатай нөхцөл бүрдүүлэх хэлэлцээрийг гишүүн орнууд удахгүй байгуулна гэдэгт итгэж буйгаа илэрхийлсэн юм. Мөн АлтанбулагУлаанбаатар- Замын-Үүд чиглэлд хурдны зам барих төсөлд ОХУ, БНХАУ зэрэг ШХАБ-ын орнуудтай хамтрах сонирхолтойгоо илэрхийлэв. Уул уурхайн томоохон ордын үүцээ задалсан манай улсыг дэлхий дахинд ихэж сонирхож буй. ШХАБ-ын орнуудад ч ийм сонирхол байгаа учраас таван тэрбум долларын хөрөнгөөр босох 1800 км төмөр замын төслийг хэрэгжүүлэхэд компаниуд хувь эзэмших хэлбэрээр оролцох боломжтойг нь Ерөнхий сайд дуулгалаа.
Өргөтгөсөн хуралдааны дараа ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведев, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао, БНКырУ-ын Ерөнхий сайд Ж.Сатыбалдиев нартай тусгайлан уулзаж, БНКырУ-ын Ерөнхийлөгч Алмазбек Атанбаевт бараалхсанаар энэ удаагийн ажлын айлчлал өндөрлөсөн.