Малайзад болсон зуун буудалт даамын тивийн аварга шалгаруулах V тэмцээний ихэнх медалийг Монголын тамирчид “хамсан” тухай бид өмнө нь мэдээлсэн билээ. Тус тэмцээнээс гурван алт, нэг мөнгөн медаль хүртсэн нийслэлийн I сургуулийн сурагч, спортын мастер Мөнхбаатарын Нямжаргалтай манай сурвалжлагч уулзаж ярилцжээ.
-Юуны өмнө Азийн аваргаас арвин их амжилттай ирсэнд тань баяр хүргэе. Гол өрсөлдөөн хаанахын тамирчдын хооронд болов?
-Баярлалаа. Эмэгтэйчүүдийн үндсэн тэмцээнд найман тамирчин тойргийн журмаар өрсөлдсөн. Өрсөлдөгчид жигдхэн сайн байсан учраас тоглолт бүрийг шийдвэрлэх өрөг хэмээн бодож тоглосон. Нийтдээ долоон тоглосноос дөрөв хожиж, гурав тэнцсэн. Гол өрсөлдөөн өмнөх тэмцээний аварга Узбекистаны Сайора Юлдашева, БНХАУ-ын Жао Ханчин, бид гурвын хооронд өрнөсөн. Тэмцээний сүүлийн өдөр хоёр тавил тоглоход би Юлдашева, Б.Нандинцэцэг нарыг хожоод өрсөлдөгч Хятадын тамирчнаас нэг оноогоор илүү гарсан. Жао Ханчин зургадугаар өрөгтөө нутаг нэгт Ши Шишуаныг хожоод, сүүлчийн учраа болох Э.Мандахнарантай тэнцсэн. Мандахаа эгчийн хувьд төгсгөлөө сайн хийж, хүрэл медаль дээр буусан. Хэрэв эхний өргөөсөө хоцорч, “нойллуулаагүй” бол хүчтэй өрсөлдөх байсан нь тодорхой.
-Гол өрсөлдөгчтэйгээ өөртэй нь хэрхэн тоглосон бэ?
-Тэмцээний гурав дахь тавилд Жао Ханчинтай таарч хожсон. Айл кол буюу гадсын байрлал тавьсан ч түүний эсрэг стратегийг үр дүнтэй хэрэглэж ялалтад хүрсэн. Гэхдээ оноо тэнцсэн тохиолдолд тэмцээний дотоод журмын дагуу цэвэр хожлын давуугаар Хятадын тамирчин түрүүлэх байсан.
-Бэлтгэлээ хэрхэн базаасан бэ?
-Зун “Азийн хүүхдүүд” наадамд оролцох зорилгоор хийсэн суурь бэлтгэл дээрээ түшиглэж тэмцээндээ бэлтгэсэн. Мөн наймдугаар сард Францад болсон Дэлхийн оюуны спортын II наадамд оролцож, гадны шилдэг их мастеруудтай өрсөлдөж, тэдний тоглолтыг хажуугаас нь харж байсан нь сайн бэлтгэл болсон.
-Түргэн тоглолтын төрлүүдээс дахиад гурван ч медаль авсан тухайгаа яриач...
-15 минутаар тоглодог рапидын төрөлд сайн тоглож чадаагүй ээ. Харин таван минутаар тоглодог блицийн төрлөөс залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд нийтдээ хоёр алт, нэг мөнгөн медаль авсан. Явахаасаа өмнө блицийн улсын аваргад оролцсон маань нөлөөлсөн байх.
-Чамайг өмнө Азийн аваргаас хүрэл медаль хүртэж байсныг мэдэх юм байна..
-Тийм ээ, хоёр жилийн өмнө 14 настайдаа тивийн аваргын насанд хүрэгчдийн ангилалд гуравдугаар байр эзэлсэн. Хэсэгтээ Узбекистаны Юлдашевагийн дараа ороод хүрлийн төлөөх тоглолтод спортын мастер Ц.Энхзая эгчийг хожиж байсан.
-Тивийн аваргад түрүүлэхэд олон улсын цол өгдөг үү?
-Ер нь оролцогчдын тооноос хамаардаг. Цол зэрэг олгох асуудлыг сайн мэдэхгүй байна. Харин Азийн аваргад түрүүлснээр ирэх жилийн наймдугаар сард Якутскт болох насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцох эрхийг авсан.
-Ингэхэд даамын спортоор хэдэн жил хичээллэж байгаа вэ. Анхны амжилтаа хэзээ гаргаж байв?
-Зургаан настайдаа аав, өвөө хоёроороо анх даам заалгасан. Өвөө Н.Нямцогт маань дэд мастер цолтой, улсын аваргад VI байр эзэлж явсан гэнэ лээ. Аав Н.Мөнхбаатар, ах Н.Мөнхбат, эгч Н.Мөнхжаргал нар ч даамын спортоор тодорхой хэмжээгээр хичээллэж, бүгдээрээ дэд мастер цол хүртэж явсан хүмүүс. Төрсөн дүү М.Шийрэвжамц маань ч намайг дагаад даам тоглож эхэлсэн. Анхны амжилт гэвэл 2003 онд болсон Хүүхдийн спортын II их наадамд Завхан аймагтаа мөнгөн медаль хүртсэн. Үүнээс хойш өсвөр үед зургаа, залуучуудын улсын аваргад хоёр удаа түрүүлээд байна. 2006 онд дэд мастер, 2010 онд спортын мастер цолны болзлыг хангасан.
-Одоо ямар дасгалжуулагчтай хамтран ажиллаж байгаа вэ?
-2004 оноос хойш одоог хүртэл Т.Пүрэвдорж багшийн удирдлага дор бэлтгэлээ хийж байгаа. Мөн МДХны дэд ерөнхийлөгч Ч.Бат-Эрдэнэ ах надад зөвлөгөө өгч, ном болон хэрэглэл материалаар тусалж дэмждэг.
-Хилийн чанадад хэр олон тэмцээнд оролцсон бэ?
-2007 онд Францын Тулуз хотод болсон өсвөр үеийн ДАШТ миний хувьд анхны гадаадын тэмцээн байсан. Түүнээс хойш 2009, 2010, 2011 оны өсвөрийн дэлхийн аваргад оролцсон. Өмнө нь дандаа хөвгүүдтэй тоглож байсан бол ноднингоос эхлэн охидын тэмцээн тусдаа зохиогдох болсон юм. Өнгөрсөн жил Улаанбаатарт болсон кадетын ДАШТ-д тавдугаар байр эзэлсэн нь одоогоор хамгийн том амжилт болоод байна. Тэр тэмцээний сүүлчээсээ өмнөх өрөгт Голландын ван Даммт хожигдож медальгүй хоцорсон. Өрсөлдөгч маань дунд үеэс л хойш “Тэнцэх үү” гээд гуйгаад байсан. Би дотроо түрүүлэх зорилготой байсан болохоор зөвшөөрөөгүй. Тэгээд төгсгөлд хоёр хүү хаяад түрүүлж даам гарах байдалтай болсон. Харамсалтай тэндээс хойш дандаа буруу нүүсээр байгаад хожигдчихсон. 2010 онд БНХАУ-ын Ичүнь хотноо зохиогдсон олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн нь миний гадаадын тэмцээнээс авсан анхны медаль.
-Насанд хүрэгчдийн УАШТ-д ямархуу амжилт үзүүлсэн бэ?
-2011 онд швейцарь системээр улсын аварга болоход хүрэл медаль хүртсэн. Хараахан өөр медаль авч амжаагүй явна. Гэхдээ бэлтгэлээ сайн хийвэл ямар ч амжилтад хүрч болдгийг ойлгосон шүү.
-Сүүлчийн асуултыг чамд үлдээе..
-Намайг үргэлж тусалж дэмждэг “Ялгуусан” компанийн Санжаадорж ахдаа талархаж явдгаа танай сониноор уламжилъя.
М.ОРГИЛ