Засгийн газрын бүрэлдэхүүнээс сайд нараа татах МАХН-ын мэдэгдлийн талаар АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюундариас тодрууллаа.
-АН-ын тэргүүлсэн Засгийн газраас гарах тухайгаа МАХН эрс мэдэгдээд байна. Танай нам МАХН-ын алхамд ямар хариу барих вэ?
-АН Засгийн газраа байгуулахдаа “Шударга ёс” эвсэлтэй гэрээ байгуулсан. “Шударга ёс” эвсэлд МАХН, МҮАН гэсэн хоёр нам багтдаг. Засгийн газраас гарна гэдэг нь МАХН-ын Гүйцэтгэх товчооны л шийдвэр шүү дээ. Тиймээс бид эвслийн шийдвэрийг хүлээж, Засгийн газрынхаа цаашдын үйл ажиллагааг хэрхэхийг шийднэ.
-МАХН, МҮАН-ын аль нэг нь Засгийн газрыг орхих тохиолдлыг хэрхэн зохицуулах талаар “Шударга ёс” эвсэлтэй байгуулсан гэрээнд тусгасан уу?
-Гэрээнд салбал ингэнэ, тэгнэ гэж гэрлэлтийн гэрээнд заадаг шиг тусгаагүй. Ямар үүрэг хариуцлагатай ажиллах вэ гэдэгт анхаарч, энэ талаар л заасан.
-Ер нь аль нэг нам шинэчлэлийн Засгийн газраас гарах магадлалыг тооцож үзсэн үү?
-Мэдээж тооцсон. Гэхдээ энэ тухай ярихад эрт байна. Засгийн газар огцордог маш тодорхой хоёр тохиолдлыг хуульд заасан байдаг. МАХН-ын сайд нар Засгийн газраас гарлаа ч, нийт сайд нарын тэн хагаст хүрэхгүй учраас шинэчлэлийн Засгийн газар үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх эрх зүйн чадамжтай.
Б.Энхээ