Ерөнхий сайд Н.Алтанхуягийг БНКУ-ыг зорихын өмнөхөн МАХНынхан Засгийн газраас гарах гэнэ гэсэн яриа газар авсан билээ. Тус намынхан энэ тухай шийдвэрээ Ерөнхий сайдыг эх орондоо ирмэгц “сүр жавхлантайгаар” гардуулах тухай хэвлэлээр мэдээлж байсан. Байшингийнх нь нэг суурь Н.Энхбаярынхаа заавраар ганхах гээд буйд албан ажлаар гадаадад явж байсан ч Ерөнхий сайд санаа зовж л байсан биз. Энэ тухай түүнээс асуусан сэтгүүлчид “Цаг нь болоогүй учралын төлөө цагаасаа эрт шаналах хэрэггүй гэдэг биз дээ” гэсэн хариулт өгсөн юм. Гэхдээ Засгийн газрын тэргүүнийг эзгүй байх хоёр хоногт МАХН-ын хийрхэл намдав бололтой. Хэвлэлээр таамагласан шиг ноцтой байдал түүнийг угтсангүй.