Дорнод аймгийн Дашбалбар суманд үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын “Хонбоо”, “Шинь Шинь” компанийнхан хар тугалга, цайраар халхалж уран олборлож байсныг ТЕГ тогтоосон хэмээн УИХ-ын гишүүн Ж.Батзандан өчигдөр мэдэгдэв. Манай улсад ураны хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 84 компани байгаагийн олонх нь гаднын хөрөнгө оруулалттай юм байна. Эдгээр компани Сүхбаатар аймгийн Шилийн богд, Алтан овоо, Дорноговийн Говь гурвансайхан гэх мэт нийт таван аймгийн байгалийн үзэсгэлэнт голдуу газарт үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан аж. Францын “Арева” компани гэхэд л хүхрийн хүчлийг уусган баяжуулах технологиор үйл ажиллагаа явуулдаг юм байна. Байгалийн үзэсгэлэгт газар зөвшөөрөл авчихсан, дээрээс нь байгаль орчинд асар хортой дээрх технологийг хэрэглэж буйг тэрбээр эсэргүүцэв. Уран бол стратегийн ач холбогдолтой бүтээгдэх үүн, гэтэл уг салбарт Монголын төр биш, гаднынхан ноёрхлоо тогтоосныг тэр шүүмжиллээ. “Ураны салбарт баримтлах бодлогоо Монгол Улс өөрчлөх ёстой. Цаашдаа цацраг идэвхт бодис ашиглахыг ч хориглох учиртай. Шар нунтаг олборлох боломжтой, аюулгүй гэж буй нь худал. Энэ бүхний эсрэг тэмцэх албан бус Бүлгийг УИХ-д байгуулсан” хэмээн тэр ярив.Мөн Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр уг хэвлэлийн бага хуралд оролцсон юм.
Гишүүн түүнд ураны салбарт төр хяналтаа тогтоох, бодлогоо өөрчлөх, дээрх лицензүүдийг хэн, хэзээ олгосныг нийтэд зарлах гэх мэт найман зүйл бүхий шаардлага гардуулсан. Бас “Ураны салбараас нэг ч төгрөгийн нөхөн олговрыг манай улс аваагүй. Уранаас өөр ашиглах ашигт малтмал Монголд олон” гэсэн юм. Н.Тэгшбаяр дарга “Ураны хайгуулын лицензийг манайхыг байгуулагдахаас өмнө Ашигт малтмалын газраас олгосон. Бид нэг ч лиценз олгоогүй. Бодлогоо өөрчл өх төслийг бид гишүүдийн санал, шаардлагыг анхаарч боловсруулаад, он гармагц УИХ-д өргөн барина” гэлээ. Цөмийн энергийн газар УИХ-ын гишүүдийн албан бус Бүлэг, иргэд, ТББ-тай хамтарч ажиллахад бэлэн гэдгээ ч хэлсэн юм. Гэхдээ тэдний яриа бас зөрж байв. Ураны хайгуул хийснээс болоод Дорнодод хавдар гаарч байгааг гишүүн хэлэхэд, Н.Тэгшбаяр “Хавдар судлалын үндэсний төвөөс манайд мэдээлэл ирүүлсэн. Уранаас болсон биш, вирусийн гаралтай хавдар ихсэж байгаа юм билээ” гэлээ. Мөн “Хонбоо”, “Шинь Шинь” компанийг уран олборлож байсныг албан ёсоор тогтоогоогүй, хууль бус олборлолт хийсэн эсэхийг хянаж байгаа гэсэн хариу өгсөн. Мэдээллийн ийм зөрүү байгаа учир хоёр тал хамтран ажиллах гэж байгааг Ж.Батзандан сануулна лээ.