УИХ-ын гишүүн С.Ганбаатар сонгогдсон тойрог болох Дархан-Уул аймгийн ахмад настан, нийгмийн даатгалын шимтгэл төлөгчдийг өмгөөлөхөө өчигдөр мэдэгдэв. Тус аймгийн Нийгмийн даатгалын хэлстийн дарга П.Баяраа, ерөнхий нягтлан бодогч Б.Хастуяа, “Чингис хаан” банкны Дарханы салбарын захирал Г.Ганболд, Монголбанкны тус аймаг дахь салбарын захирал Ж.Чинбат, ХААН банкны захирал С.Энхсувд нар хамтран төрийн мөнгөнөөс 220 сая төгрөг завшсан гэнэ. Тэд Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн болон ажилгүйдлийн сангийн хөрөнгийг “Чингис хаан” банкнаас ХААН банкинд шилжүүлж, хүүнээс нь дээрх мөнгийг завшсан юм байна. Уг нь, мөнгийг жилийн 4.8 хувийн хүүтэйгээр Нийгмийн даатгалын санд байршуулах ёстой. Гэтэл банк хооронд шилжүүлж, 8.8 хувийн хүүтэй болгон хадгалах замаар луйвар хийсэн хэмээн гишүүн ярив. Үүнийг хуулийн байгууллагаар шалгасан ч аймгийн хууль, шүүх, прокурорынхон хуйвалдаж, цөөхөн хүнд торгууль ногдуулаад өнгөрсөн юм байна. Тиймээс энэ хэргийг нягтлан шалгах хүсэлтийг тэрбээр Монгол Улсын ерөнхий шүүгч, ерөнхий прокурор, АТГ-т тавьжээ.