Ерөнхий сайд Н.Алтанхуяг аймгуудын Засаг дарга нарын нэрсийг арайхийн батламжилж эхэлсэн боловч баахан болхи байгаагийн учрыг асуувал, хөөрхий түүнийг бөөн өргөдөл гомдол, матаас бичиг дарж орхисон гэнэ. Оройтож явагдсан орон нутгийн сонгуулийн дараа дүн мэдээ нь нэлээд дуншсаны эцэст гарснаас хойш өнөөдрийг хүртэл хагас сар өнгөрөөд байгаа боловч гүйцэтгэх засаглалын тэргүүнийг чилээсэн өргөдөл, матаасын балгаар бүхэл бүтэн долоон аймаг Засаг даргагүй хоцорчээ.
Монгол Улсын нийт 21 аймгийн ИТХ-ын 19 нь Засаг даргад дэвшигчийнхээ нэрийг батламжлуулахаар Ерөнхий сайдад илгээснээс Н.Алтанхуяг өчигдрийн байдлаар 14 аймгийн Засаг даргын нэрийг батламжлаад байна. ИТХ нь Засаг даргынхаа нэрийг тодруулж чадахгүй байгаа маапаантай хоёр аймаг бол МАН-ын ялалт байгуулсан Говь-Алтай, Дундговь аж. Өдгөө Засгийн газрын тэргүүний ширээн дээр Хөвсгөлийн Л.Ганболд, Дорнодын М.Бадамсүрэн, Өвөрхангайн Д.Тогтохсүрэн, Говьсүмбэрийн Г.Батсуурь, Сэлэнгийн С.Бүрэнбат гэсэн таван аймгийн Засаг даргын овог, нэр батламжаа хүлээн “нойрсож” буй.
Орон нутгийн сонгуулийн дүнд АН 12, МАН есөн аймгийн ИТХ-д олонх болж, энэ тоогоор АН-ын 12, МАН-ын есөн Засаг даргын нэр Ерөнхий сайдын өмнө танилцуулагдах учиртай гэж ойлгож болно. Харин өдгөө Н.Алтанхуягийн батламжийг хүлээн дуншиж байгаа таван аймгийн ИТХ-д тавууланд нь МАН ялсан, Засаг даргад дэвшигчид нь мөн л энэ намын хүмүүс байгааг тохиолдлын хэрэг гэж үзээд тоолгүй өнгөрөх нь зөв үү? Манай Ерөнхий сайд арай улстөржөөд бай гаа юм биш биз. Ийм санаа бодол хөдөөгүүр, Засаг даргаа хүлээсэн аймгуудад, өвөлжилт хийгээд хөрөнгө санхүүгийн бэрхшээлд ажил, амьдрал нь чирэгдсэн орон нутгийн иргэдэд төрж эхлээд байна шүү, Ерөнхий сайд аа.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засаг дарга нарын нэрсийг батламжлахдаа бичгээр ирүүлсэн гомдол, санал бүртэй нухацтай танилцаж байгаа бөгөөд, тэдгээр нь аймгийн Засаг даргад дэвшигчдийн буруу, булхайг дэлгэсэн матаас голдуу захидал байгаа аж. Гомдол бүрийг судлан үзсээр цаг хугацаа ч талийж өгөв. Харин Ерөнхий сайд маань Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг Засаг даргад дэвшигчдийг батламжлахдаа хэр шударга хэрэглэж байгааг хянаж байгаа хүн алга бололтой. Уг хуулиар, аймгийн Засаг даргад дээд боловсролтой, төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөргүй, ялгүй этгээдийг Ерөнхий сайд батламжлах учиртай. Ямар хүнээр аймаг удирдуулах гэж байгаагаа судлах нь түмэн зөв боловч өөрийнхөө намын хүнийг илж өнгөрүүлээд, хүний намын этгээдийг ширвэж хойшлуулна гэвэл дэндүү улстөржсөн, муйхар хэрэг болох биз ээ.
Тухайлбал Н.Алтанхуяг Та Дорнод аймгийн Засаг даргад дэвшигч, МАН-ын М.Бадамсүрэнг төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан эсэхийг судлан, батламжлахг үйгээр хойшлуулж байгаа тань хууль хэрэгжүүлэх гэсэн зүй ёсны үйлдэл мөн билээ. Гэтэл Төв аймгийн Засаг даргаар түвэггүй батламжилж орхисон Д.Баярбат чинь мөн л төрийн албанд ердөө хоёр жил хүрэхгүй хугацаанд ажилласан гэдгийг Та яагаад мэдсэн ч мэдээгүй царайлан батламжлав? АН-ынх болохоор хуулийн заалт хамаардаггүй бололтой. Ганц энэ жишээгээр харахад, аймгийн Засаг дарга нарыг батламжлах үйл явцад Ерөнхий сайд өөрөө биечлэн хууль зөрчиж байгаа юм биш байгаа гэсэн хар төрүүлж байна. Түүнчлэн Төсвийн тухай хууль ч мөрдөгдөх хөгөө өнг ө рөөв.
Аймгийн Засаг дарга тухайн жилийн төсвийн төслийг жил бүрийн арваннэгд үгээр сарын 25-ны дотор Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаа өргөн мэдүүлснийг ИТХ арванхоёрдугаар сарын 5-ны дотор батлахаар заасан байдаг нь дашийн шог болж таарлаа. Төсвийн тухай хуульд тогтоосон эдгээр хугацааг хэтрүүлээд буй шинэхэн Засаг дарга нар нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгуулахад бэлэн болоод байна. Энэ хариуцлагыг Ерөнхий сайд үүрэх үү?
Б.Энхцэцэг