УИХ дахь "Шударга ёс" эвслийн бүлгийг МАХН, МҮАН-ын эвсэг бүл гэж ойлгох аргагүй болжээ. Гэрлэлтийн баталгаанаас өөр уяагүй болсон эхнэр, нөхөр хоёр шиг хэчнээхэн сажлах билээ.
Засгийн газраас гарах МАХН-ын шийдвэрийн талаар "Шударга ёс" эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэгтэйгээ хамт мэдээлэл хийнэ гэж МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва хэвлэлийнхний амыг тагласан боловч тэд нэг ч удаа сэтгүүлчдийн өмнө тохой залган ханьссан нь үгүй.
Засгийн газраас гарах МАХН-ын шийдвэрийг болиулах гэж ятгах шаардлага МҮАН-ынханд одоо үгүй болж. Д.Тэрбишдагва намынхаа даргыг ялгүй суллахын төлөө Засгийн газрыг орхих мэдэгдэл хийсэн нь, түүний араас “хэнгэргийн дохиур” Н.Энхбаяр Засгийг тогтвортой ажиллуулах саналтай байгаагаа хэлсэн нь ч Дээд шүүхийн шийдвэрт нөлөөлөх гэсэн МАХН-ын тактик байсан нь өнөөдөр ойлгомжтой байна. Дунд нь АН, МҮАН хоёр л сандралдав.
Н.Энхбаяр, “Чингис” хоёр ижилхэн хэлмэгджээ
МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл нэгдмэл байр сууриа хэдийнэ гээснийг олон нийтэд ил болгосон эл явдлын дараа МАХН санасандаа хүрч чадсан уу? Анхан шатны шүүхээс Н.Энхбаярт дөрвөн жил хорих ял оноосон нь хоёр жил зургаан сар болж, түүнийг буруутгаж байсан хэргүүдийн тэн хагасыг хэрэгсэхгүй болголоо. Ийнхүү Н.Энхбаяр АН-ын тэргүүлсэн Засгийн газрыг огцруулах болон үл огцруулан үлдээх шалтгаан болсны сацуу, хамгийн чухал нь хилс хэргээр шүүгдэж байснаа нотолж чадлаа. Заавал Засгийн газрыг огцруулахдаа тулж байж үнэн мөн нь олдох гэж. Түүнийг “авлигын загалмайлсан эцэг” нэртэй болгосон хэргүүдийн тал нь зохиомол байсныг шүүх өөрөө хүлээн зөвшөөрөв.
Н.Энхбаяр “Эрдэнэт” үйлдвэрт ганц ч ган бөмбөлөг “шахаагүй”, Японы шашны байгууллагаас Гандантэгчилэн хийдэд бэлэглэсэн ТВ-9 телевизийн тоног төхөөрөмжийг огт оролдоогүй байсан гэнэ шүү. ГОК-ынхон олон жил Н.Энхбаярыг андуурч, Гандангийн лам нар телевиз энэ тэр гэж будилж явсныг АН-ынхан л болсон хойно улстөржүүлсэн хэрэг байж. Д.Тэрбишдагва “Улс оронд тогтворг үй байдал үүсвэл МАХН хариуцахг үй” гэж дахин дахин хэлээд байсан нь эрхбиш нэгийг тооцоолсных байж. Гэвч Шадар сайд Д.Тэрбишдагва шинэчлэлийн Засгийн газрын эрх бүхий томоохон этгээдийн хувьд гадаадын хөрөнгө оруулагчдад хандан тайлбар хийх шаардлагатай болж байна. Намынхаа дарга Н.Энхбаярыг суллахын тулд МАХН сайд нараа татахаа мэдэгдсэн болохоос биш, Засгийн газраас үнэнээсээ гарах гээгүй гэдгээ өчилгүй горьгүй.
Засгийн газрыг орхих түүний мэдэгдлийн дараа Н.Энхбаярт оноосон ялын хэмжээ буурсан бол, үүний эсрэг талд улс орноороо өрийн баталгаа болж байж дэлхийн зах зээлд гаргасан "Чингис" бондын үнэ ганцхан өдрийн дотор найман ам.доллараар огцом унасан явдал байлаа. “Монгол Улсын Засгийн газарт улс төрийн тогтворгүй байдал нүүрлэж болзошгүй” хэмээн болгоомжилсон гадаадын санхүүчид худалдан авалтаа танажээ. Ийнхүү Монгол Улсын Засгийн газрын Шадар сайд 1.5 тэрбум ам.долларын үнэтэй, эх орны бүтээн байгуулалт, ард иргэдийн амьжиргааны нэхэлтэй “Чингис” бондыг хэлмэгдүүлж, сайд нарын багаа “алав”.
МАХН МАН-тай, МҮАН АН-тай юу...
МАХН, МҮАН-ын дунд ан цав үүссэн, УИХ дахь МАН-ын гишүүд албан ёсны бүлэг байгуулах эрхээ эдэлж чадахгүй байгаа шалтгаанууд “Шударга ёс” эвслийн хувь заяаг эргүүлэх хүчин зүйл болж болзошгүй. Н.Энхбаяраас болж Засгийн газар задрах магадлал дээд цэгтээ тулан яригдаж байхтай зэрэгцэн МАХН МАН-тай нэгдэнэ, МҮАН АН руу явна гэсэн таамгууд дэгдсэн нь улс төр сонирхогчдын анхаарлыг хамгийн их татах боллоо. Таамаг хэр бодитой байж болох талаар тандаж үзье. Нэн түрүүнд МАН УИХ-д бүлэгтэй болохын тулд МАХН-ыг бараадан, “Шударга ёс” эвслийн бүлэгт шургална гэсэн таамаг сонсогдох болов. Энэ таамаг биелэх эсэх нь ойрын хугацаанд нотлогдох улс төр болов уу. Гэвч энэ нүүдэл МҮАНаас мөн хамааралтай болох тул МАХН-МҮАН-ын эвсэл албан ёсоор задарсны дараа яригдах хувилбар.
МАН МАХН-ын бүлэгт нийлнэ гэдэг АН-ын тэргүүлсэн одоогийн Засгийн газрын хувь заяатай ч холбогдох магадлал муутай таамаг гэж бодож байна. Хэрэв АН УИХ-ын танхимд Өвөрхангайн хоёрын араас Увсын хоёроо оруулж ирэх алхмыг хийвэл Засгийн газраа МАХН-гүйгээр байгуулах бодлого барьж эхэлжээ гэж ойлгож болох байх. Сонгуулийн тухай хуульд мажоритар систем давамгайлж буй өнөөгийн нөхцөлд улс төрийн тавцанд хоёр том нам амьдрах тогтолцоо бат бөх оршсоор байх нь ойлгомжтой байгаа юм. Мажоритар давамгай холимог системийн орон зайд АН, МАН гэсэн хоёр нам сонгуулийн саналыг хувааж хүртдэг явдал цаашид өөрчлөгдөхгүй байх дүр зураг саяхан болж өнгөрсөн орон нутгийн сонгуулийн дүнгээс тодорхой боллоо. Тэгвэл УИХ-ын сонгуулийн дүн яаж гарлаа гэх асуулт зайлшгүй.
УИХ-ын сонгуулийн өмнө Н.Энхбаярын “оргил цаг”, түүний тэргүүлсэн МАХН-ын “алтан үе” тохиосон онцгой нөхцөл бүрдсэн учраас уг намын оролцсон “Шударга ёс” эвсэл УИХ-д 11-үүл орж ирсэн. УИХ-ын 2012 оны сонгуулийн дүнг харвал, МАХН МАН-ын саналаас хувааснаас биш, АН өмнөх сонгуулиудаар авдаг хувиа л хүртсэн байдаг. Харин УИХ-ын 2016 оны сонгууль хүртэл МАХН-ын “алтан үе” үргэлжлэх эсэхээс улс төр шууд шалтгаална. 2016 онд намууд ямар байдлаар эвсэх тухай ярих нь одоо эртдэж болох ч МАХН, МҮАН одоогийн “Шударга ёс” эвсэлд нэгдсэн янзаараа ирэх сонгуульд өрсөлдөнө гэдэг худлаа л болов уу. Тиймээс МАХН МАН-тай, МҮАН АН-тай нэгдсэн хоёр том эвсэл сонгууль угтан бий болох таамаг магадлал өндөртэй юм. Эдгээр нам угшлаараа ч МАН-МАХН, АН-МҮАН гэсэн блокийг үүсгэлээ гэхэд хачирхаад байх зүйлгүй.