УИХ-ын болон орон нутгийн сонгуульд аль нэг нам дангаараа үнэмлэхүй олонхийн суудал авч чадаагүй. Энэ нь ерөөсөө хэт олонхийг ард түмэн хүсэхгүй байна гэсэн үг юм. Үүнээс үзвэл иргэд хүчтэй төр, хүчтэй цөөнхийн хяналтыг хүсч байна гэж ч дүгнэж болохоор. Мөн хүчтэй удирдагчыг үгүйлэх болжээ. Үүнд ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгууль голлох үүрэг гүйцэтгэнэ. Тулаан улс төрийн хоёр гол хүчин АН, МАН хоёрын хооронд өрнөх нь тодорхой. Өөрсдийгөө гуравдагч хүчин гэж өргөмжилдөг МАХН-ынхан Н.Энхбаярыгаа ялгүй салгаж аваад Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэх чин хүсэлтэй ч энэ нь Дээд шүүхийн шийдвэрээр лөөлөө болов.
АН-аас одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нэрийг дахин дэвшүүлэх нь тодорхой. Харин МАН-аас хэнийг нэр дэвшүүлэх бол. Энэ талаар МАН-ынхан нэлээд нухацтай ярьж буй сурагтай. Арга ч үгүй биз. УИХ-ын болон орон нутгийн сонгуулиар дараалан бүдэрсэн МАН Ерөнхийлөгчийн сонгуулиар үхэх сэхэхээ шийднэ. Лидергүй боллоо хэмээн зарим гишүүд нь халаглаж буй МАН-д Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших кандитат харин ч олон байгаа гэнэ.
МАН арга барилаа өөрчилж дээрээс нэр өгдөг бус намын анхан шатны байгууллагууд болон иргэдийн дэмжлэгийг авсан нэр дэвшигчдийг бүртгэж, өөрсдийнх нь саналыг авсаны үндсэн дээр марафон буюу чөлөөт өрсөлдөөний зарчмаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулахаар ярьж буй аж. МАН орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдээ анхан шатны байгууллага болон иргэдийн саналыг харгалзан нэр дэвшүүлсэн нь үр дүнгээ өгсөн аж.
Ерөнхийлөгчийн сонгуульд МАН хэн хүссэнийг бус олны дунд нэр хүндтэй эрхмийг марафоноор тодруулж Ц.Элбэгдоржтой өрсөлдүүлэх төлөвлөгөөг одооноос боловсруулж эхэлжээ.