Лондоны олимпийн нээлтэд дуучин Пол Маккартни ая дуугаа өргөсөн билээ. Түүний экс эхнэр, загвар өмсөгч Хезер Миллз “BBC”-д өгсөн ярилцлагадаа “Сочи-2014” паралимпийн наадамд оролцох хүслээ орхиогүй хэмээн өгүүлж, нутаг нэгтнүүдээ баярлуулав. 44 настай фотомодель одоогоос есөн жилийн өмнө Их Британийн уулын цанын шигшээ багийнхны хамт бэлтгэл хийж байгаад хүнд осолд орж, зүүн хөлөө тайруулахад хүрсэн харамсалтай явдал тохиолдсон боловч өвлийн спортод дурласан сэтгэлээ хазаарлаж чадаагүй аж. Үүнээс гадна өнгөрсөн хоёр жилийн хугацаанд мөн л гэмтэл бэртлээс тойроогүй аж.
Тухайлбал ноднингийн тавдугаар сард бэлтгэлийн үеэр унаж, зүүн мөрөө бяцлах шахсан хэдий ч цананаасаа буулгүй, цаашид таван томоохон тэмцээнд түрүүлжээ. Сар бүрийн дундуур Австрид шигшээ багийнхантайгаа цуг ларалтад гардаг тэрбээр заримдаа Лондоноос 72 км-ийн зайд орших Милтон Кинст хүч сэлбэх үеэрээ есөн настай охин Беатрисаа дагуулахаа мартдаггүй аж. Дашрамд дурдахад Маккартни Миллз нар дөрвөн жилийн тэртээ салсан билээ. Миллзийг хоёр жилийн дараах цагаан олимпоос медаль хүртэх боломжтой гэж тоодгоо Хатан хааны дэргэдэх Өвлийн спортын төрлүүдийн холбооны гүйцэтгэх захирал Фион Янг нуугаагүй байна.
Тэгвэл Маккартнигийн экс эхнэр санхүүгийн асуудлаа хэрхэн зохицуулах вэ? Хатагтай Миллз экс нөхрөөсөө салахдаа 24,3 сая фунтийн нөхөн төлбөр авчээ. Мөн түүнд хиймэл хөлөө яаралтай солих шаардлага тулгарсан бөгөөд Лондонд түүнд зориулсан шинэ хөл угсрахаар болжээ. Слаломын төрөлд амжилт гаргахын тулд сайн бүжиглэх ёстой гэж боддог Миллз Британийн “Мөсөн дээрх бүжиг” шоунд оролцсон удаатай. Тэрбээр хамгийн сүүлд энэ сарын 8-9-нд Австрийн Питцтал хотноо болсон пара уулын цанын тэмцээнд хүч сорьсон гэнэ.
Б.СОНДОР