Өнгөрсөн пүрэв гаригт УИХ-ын гишүүний тангараг өргөж, бүрэн эрхээ албан ёсоор баталгаажуулсны дараа эрхэм гишүүн төрөлх намынхаа хаалгыг гаднаас нь хаалаа. Хэдийгээр тэрбээр албан ёсоор МАН-ын гишүүнчлэлээс хараахан татгалзаагүй ч энэ долоо хоногт иймэрхүү “бичиг цаасны” ажлаа амжуулах нь тодорхой болсон байна. Өнгөрсөн баасан гаригт Д.Арвин гишүүн чуулганы танхим дахь суудлаа сольж, хамт тангараг өргөсөн гишүүн Г.Батхүүгийн хажууд “нүүж” ирсэн нь түүний сонголт 180 градус эргэж, АН руу чиглэсэн гэсэн таамаг төрүүлсэн юм. Гэхдээ угшил нэгтэй МАХН-ынхан суудлаа, нөлөөгөө нэмэх шар тосыг амаараа түлхэхгүй. Тэд Д.Арвиныг намдаа элсүүлэхээр нэлээд хүчин чармайлт гарган хөөцөлдөж эхэлжээ. Түүнд МАХН ба АН гэсэн хоёр сонголт бий.
Хэнтий аймгаас УИХ-д гурвантаа сонгогдсон, хүлээн зөвшөөрөгдсөн энэ түшээг намынхан нь 2012 оны сонгуулиар нэлээд ад үзсэн. Сонгуулийн хуулийг өөрчилж, мандатын тоо багасмагц Хэнтий аймгаас нь “жийснээр” энэ гадуурхал эхэлсэн юм. Тэр хэзээний эршүүд, бас эрчүүдээсээ илүүрхэнэ үү гэхээс дутахааргүй зоримог. Тиймээс ч намынхаа даргаас эмээлгүйгээр байр сууриа илэрхийлж орхидог “гэмтэй”. Тийм ч учраас түүнийг Засаг дарга байсан хүнтэй нь өрсөлдүүлэн “унагахаар” Баянзүрх дүүрэг рүү илгээв. Мажоритар тогтолцооны сөрөг талыг энэ хоёр эрхэм утгаар нь харуулсан. Нэг тойрогт нэр дэвшсэн нэг намын хоёр хүн. Гэвч тэд өрсөлдөгч. Тэр тусмаа мань хоёрын дунд дахин санал хураах болоход МАН Д.Арвиныг илт гадуурхсан нь үнэн. Санал хураахын өмнөх өдрүүдэд түүнийг “хуссан” хар материалууд бараг бүх хэвлэл, сайтаар цацагдсан. Гэвч туршлагатай улстөрч гэдгээ харуулж, Засаг даргыг нь ялаад Д.Арвин сонгогдов. Өөрийг нь үнсэнд хаясан шалз мэт орхисон намынхаа гишүүдтэй тэр Төрийн ордонд нэг бус удаа ширүүхэн маргасан юм.
Нүднээс далд хэдэн ч удаа маргасныг бид мэдэхгүй. Тангараг өргөөд гарч ирмэгц нь сэтгүүлч түүнээс “Таныг илт гадуурхаж байсан МАН-ынхаа эсрэг та ямар нэг арга хэмжээ авах уу” гэж асуухад “Энэ бол миний хувийн асуудал” гээд хариулалгүй өнгөрсөн юм. МАН-аас гараад МАХН-ыг зорьсон гишүүдийн нэг адил түүнийг Н.Энхбаярын “бүлэгт” элсэнэ гэсэн таамаг хүчтэй байгаа. Гэхдээ МАХН-ыг сонговол энэ эрх дураар хатагтай юу хожих вэ. МАХН МАН-аас нэг их ялгарахгүй. Тэгвэл намдаа гомдсон гомдол нь түүнийг үзэл бодлоо 180 градус өөрчилж, өрсөлдөгч нартайгаа нэгдэхэд хүргэх үү. Юутай ч МАХН-ынхан түүнийг элсүүлж, УИХ дахь суудлаа 12 болгохыг, АН-ынхан бол гүйгээд ирвэл хаалгаа дэлгээд угтдаг уламжлалаараа элсүүлээд авахаас татгалзахгүй.
Д.Арвин МАН-ыг ийнхүү орхиж, улс төрийн бусад намын хувьд хаданд гарав. Тэрбээр өнгөрсөн баасан гаригт УИХ дахь АН-ын бүлгийн даргатай уулзаж, тийш чиглэх сонирхолтой гэдгээ илэрхийлсэн байна. Шүүмжлэлтэй, задгай стильд нь АН тохирох нь мэдээж. Түүний эцсийн шийдвэр энэ долоо хоногт ил болно. Б.Батзоригийг балиашиглаж, Д.Арвиныг “жийснийхээ” эцэст МАН нэг суудлаа алдах нь тодорхой болов.
С.ТУУЛ