Бээжинд болж буй нэг сая еврогийн шагналын сантай “Sport Accord World Mind Games”-ын найман багц медалийн эзэд тодроод байна. Тэмцээний эхний өдөр хойд хөршийн даамчид багтаа хос алтан медаль авчирсан бол өнгөрсөн бямба гаригт өндөрлөсөн брижийн эмэгтэйчүүдийн багийн тэмцээнд францчууд аваргалж, шатрын рапид тоглолтод мөн улсын шатарчин Лорьен Фрессине түрүүлснээр оросуудыг гүйцжээ.
Сонирхолтой нь рапид тэмцээнд оролцох мэдүүлгээ өгөөд байсан Болгарын ша тарчин, экс-дэлхийн аварга Веселин Топалов гэнэтхэн шийдвэрээ өөрчилсөн тул түүний оронд 2700 чансаатай их мастер Фрессине дуудагдсан аж. Ийн орлон тоглогчийн хувиар ирсэн франц шатарчин АНУ-ын Х.Накамүрагийн хамт долоон өргөөс 5.5 оноо авч түрүүлэх нь тэр.
Зохион байгуулагч БНХАУ-ын хувьд нэг алт, гурван мөнгөн медальтай гуравдугаар байрт явна. Тив тивээс шилэгдсэн 16 даамчны нэг болох ОУИМ Д.Эрдэнэбилэг үндсэн тэмцээний эхний учраа болох 1993 оны дэлхийн аварга Гунтис Валнерисыг 8:4-өөр буулган авч, гараагаа урамтай эхэлсэн. Латвийн их мастерт өмнө нь цөөнгүй хожигдсон манай тамирчин хоёр дараалан тэнцсэний эцэст таван минутын блиц тоглолтод ялалт байгуулсан юм. Гэвч хоёр дахь өрөгт Зөвлөлтийн нэртэй даамчдын нэг асан, 1984 оны ДАШТ-ий мөнгөн медальт, өдгөө Германы нэрийн өмнөөс тоглож буй Вадим Вирныйд 0:12-оор дийлдэж хэсгээ тэргүүлэх боломжоо алдсан юм.
Улмаар гурав дахь учраа болох өсвөр үеийн дэлхийн хошой аварга, Беларусийн вундеркинд Андрей Толчукайд 4:8-аар хожигдсоноор “D” хэсэгт гуравдугаар байр эзэлсэн юм. Тэмцээний дотоод журам ёсоор хэсэг бүрийн аваргууд 1-4, удаалсан нь 5-8, гурав дугаар байрыг эзлэгсэд 9-12 дугаар бай рын төлөө өрсөлдөх болсон. Энэ шатанд Д.Эрдэнэбилэг дэлхийн дөрвөн удаагийн аварга Анатолий Гантварг (Беларусь), Пан Америкийн аварга Аллан Силва (Бразил), 2011 оны ДАШТ-ий хүрэл медальт, Африк тивийн олон удаагийн аварга Жан-Марк Нжофанг нартай тус тус тоглоно.
Медаль хүртсэн орнууд
Улс Алт Мөнгө Хүрэл Нийт
1.ОХУ 2 - 2 4
2.Франц 2 - - 2
3.БНХАУ 1 3 - 4
4.БНСУ 1 1 1 3
5.Голланд 1 1 - 2
6.Украин 1 - 1 2
7.АНУ - 2 1 3
8.Латви - 1 - 1
9.Их Британи - - 1 1
10.Энэтхэг - - 1 1
11.Тайвань - - 1 1
М.ОРГИЛ