УИХ дахь МАН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцжээ. УИХ-ын болон Орон нутгийн сонгуулийн хуультай дээрх хуулийг ижилсгэж, саналын хуудсыг автомат төхөөрөмжөөр тоолох гэх мэт өөрчлөлт оруулах гэж буй юм. Мөн уг төсөлд санал хураах өдрийг тавдугаар сард байсныг зургадугаар сард болгон хойшлуулсныг тэд эсэргүүцэж байна. Энэ талаар Бүлгийн ахлагч Н.Энхболд, гишүүн Д.Лүндээжанцан, Я.Содбаатар нар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Өмнөх сонгуулиудаар санал тоолох төхөөрөмжтэй холбоотой маргаан гарсныг шийдээгүй байгаа учраас Ерөнхийлөгчийг тодруулах саналын хуудсыг гараар тоолсон нь хардлагагүй болно гэж МАН-ынхан үзэж байна.
Н.Энхболд гишүүн энэ талаар “Уг сонгуульд 3-4 хүн л нэр дэвшдэг. Тиймээс саналын хуудсыг тоолоход цаг алдахгүй. Төрийн тэргүүнээ сонгох учир эргэлзээгүйгээр зохион байгуулах нь чухал” гэв. Мөн уг хуулийн төсөлд Ерөнхийлөгчид нэр дэвших хүн ямар арга хэмжээнд оролцож болох, үгүйг тодорхой заах ёстой гэлээ. Тухайлбал, одоогийн Ерөнхийлөгч сонгуульд өрсөлдөх бол он гарахаас эхлээд Цагаан сараар бэлэг тараах, бөхийн барилдаан дээр шагнал гардуулахыг зөвшөөрөх үү гэх мэтээр асуудлыг нарийн зохицуулах хэрэгтэй байгаа аж. Мөн нэгэнт цөөхөн нэр дэвшигч оролцох учир бүх зардлыг төсвөөс гаргах нь хэл амгүй, хяналт тавихад дөхөмтэй гэсэн санал ч гарсан байна. Тэд сурталчилгаанд зориулах мөнгөний дээд хэмжээг тогтоох, хугацааг нь 35-37 хоног болгон сунгах зарчмын санал гаргажээ.
Д.Арвин Бүлгийнхээ хуралд суусангүй
МАН-аас гарах нь нэгэнт тодорхой болсон эрхэм гишүүн УИХ дахь бүлгийнхээ хуралд суух шаардлагагүй гэж үзсэн бололтой. Тэрбээр өчигдрийн хуралдаанд ирсэнгүй. Бүлгийн ахлагч Н.Энхболдоос Д.Арвин гишүүн АН-ыг сонгож буй тухай хэлэлцсэн, эсэхийг асуухад “Бидэнд албан ёсоор мэдэгдсэн зүйл алга. Тиймээс энэ талаар яриагүй” гэлээ. Гададад байгаа иргэдийн саналыг шуудангаар авах уу Ийм хувилбарыг УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдээс дэвшүүлсэн байна. Ерөнхийлөгчийн сонгуулиар гадаадад байгаа 100 мянга гаруй иргэнийхээ сонгох эрхийг эдлүүлэхийн тулд дээрхээс гадна санал авахад зориулж долоо хоногийн хугацаа гаргах санал ч гарчээ. Бүлгийн ахлагч Д.Эрдэнэбат “УИХ-ын сонгуулиар гадаадад байгаа иргэдээс 3000 орчим хүн л саналаа өгсөн. Тиймээс хамрах хүрээг нь нэмэхийн тулд ийм хувилбар санал болгож байгаа юм. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ сонгох эрхийг хангах зохицуулалтыг хуульд тусгах ёстой гэж үзлээ” гэв. Мөн МАН-аас гаргасан саналын хуудсыг гараар тоолох хувилбарын тухайд “Технологийн дэвшлийг ашиглаж эхэлснээсээ ухрах шийдвэрийг АН дэмжихгүй” хэмээн хариулсан.
Тус намын бүлгээр үүнээс гадна Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай Л.Болд, Ц.Оюунгэрэл нарын санаачилсан хуулийн төслийг хэлэлцээд дэмжжээ. Газраа өмчилж завдаагүй иргэн бүрт сертификат олгох замаар газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах, барьцаалах боломж бүрдүүлэх гэнэ. Мөн “Чингис” бонд тойрсон асуудлаар Ерөнхий сайдаас мэдээлэл сонсчээ. Бондын хүүд дарлуулна гэсэн шүүмжлэлийн хариуд Засгийн газар ямар арга хэмжээ авч буйг сонссон аж. Монголбанктай гэрээ байгуулах замаар бондын хүүг тогтворжуулах зохицуулалт хийж буйгаа Ерөнхий сайд ярьсан байна. Түүнээс зарим зүйл тодруулав.
-Д.Арвин гишүүн АН-д элсэх тухай мэдээлэл байна. Тэрбээр энэ талаар албан ёсны хүсэлт тавьсан уу?
-МАН-ын гишүүний өмнөөс би хариулах боломжгүй. Хэрэв тийм хүсэлт гаргавал бид намынхаа дүрмийн хүрээнд шийднэ.
-“Чингис” бондоор томоохон төслүүдийг санхүүжүүлнэ гэж буй. Дулааны V цахилгаан станцыг хаана барихаа шийдсэн юм уу?
-Хонхорын станцын орчимд барихаар төлөвлөсөн байна. Бондын өрөнд дарлуулах ёсгүй гэдэг дээр АН санал нэг байгаа. Тиймээс Засгийн газрын хэрэгжүүлэх дээрх төлөвлөгөөг дэмжсэн.
С.ТУУЛ