“Монгол, Японы найрамдлын нийгэмлэг 1968 онд байгуулагдаж, хоёр орны түүхэн харилцаанд чухал хувь нэмэр оруулж ирсэн билээ. Манай нийгэмлэг нь Японы Засгийн газрын буцалтгүй тусламжийг өөрийн орны 30 гаруй байгууллага, 6000 гаруй гишүүн болон ард иргэдэд хүргэх ажлыг амжилттай гүйцэтгэж ирлээ” хэмээн Монгол, Японы найрамдлын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Д.Лхагва Япон улсын Гадаад хэргийн сайдын нэрэмжит өргөмжлөл гардах үеэрээ сэтгэгдлээсээ хуваалцсан юм. Монгол, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд хоёр орны харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хувь хүн болон албан байгууллагыг Япон улсын Гадаад хэргийн сайд болон тус улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын нэрэмжит өргөмжлөлөөр шагнах ёслолын хоёр дахь арга хэмжээ өчигдөр тус улсын ЭСЯ-ны байранд боллоо.
Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү дараах нэр бүхий хүмүүс, байгууллагад өргөмжлөлийг гардуулсан юм. Япон улсын Гадаад хэргийн сайд Коичиро Гэмбагийн нэрэмжит өргөмжлөлийг “Бридж” группийн захирал Л.Даваажаргал, Монгол, Японы харилцааг дэмжих “Түншийн холбоо” нийгэмлэгийн гүйцэтгэх захирал С.Дэмбэрэл, “Таван Богд” группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайхан, япон хэлний орчуулагч О.Жаргалсайхан нар мөн гардлаа. Түүнчлэн Элчин сайд өөрийн нэрэмжит өргөмжлөлийг арван хүн, нэг байгууллагад гардуулан өгсний дотор гурав нь Японы иргэн байсан.
Энэхүү өргөмжлөлийг гардан авсан хүмүүсийн нэг, Японы сэтгүүлч хатагтай Кон Аяа нь манай улсад хүрэлцэн ирж байгаа жуулчдад зориулсан сэтгүүл, хүүхдийн ном гаргахаас гадна оюутнуудад багшилдаг байна. Тэрбээр “70 гаруй настай намайг гэрийнхэн маань нутагтаа ирэхгүй юм уу гэхэд би хоёр давхар солонго харчихаад очно хэмээн хэлдэг. Энэ бол танай оронд олон жилийг өнгөрүүлэх болсны минь нэг шалтгаан” гэсэн юм.
Т.Сайнбуян