Аймаг, сум, дүүргийн ИТХ-д МАХН-аас сонгогдсон 280 гаруй төлөөлөгч Улаанбаатар хотноо энэ сарын 17-19-нд цугларч, “Орон нутгийн хөгжил ба МАХН” сэдэвт хэлэлцүүлэг сургалт зохион байгуулав.
“ИТХ-д иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь” болон “Орон нутгийн төсөвт тавих иргэдийн хяналт” сэдвээр салбар хэлэлцүүлэг энэ үеэр зохион байгуулж, орон нутагт тулгамдсан асуудлыг хэрхэн иргэдийн хяналттай шийдвэрлэх талаар зөвлөмж гаргасан. Энэ удаагийн уулзалт арга хэмжээний онцлог нь МАХН-аас ИТХ-ын төлөөлөгч нартай “Ёс зүй, хариуцлагын гэрээ” байгууллаа. Улс төрийн зорилгоор дээрээс өгсөн даалгаврын дагуу зарим хараат шүүгчийн гаргасан хууль зөрчсөн шийдвэрээр МАХН-ын дарга Н.Энхбаярыг хэлмэгдүүлж байгаа учраас хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгахыг уулзалтад оролцогчид шаардаж, мэдэгдэл гаргажээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуульд МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын нэрийг МАХН-аас дэвшүүлэх асуудлыг МАХН-ын Бага чуулганаар хэлэлцүүлэн шийдвэрлэхийг уулзалтад оролцогчид санал болголоо. Уг асуудлыг МАХН-ын Гүйцэтгэх товчооны хурлаар хэлэлцэн шийдвэрлэхээр тогтсон байна.
Г.Гэрэл