Сонгинохайрхан дүүргийн АН-ын гишүүд, дэмжигчид хууль бусаар ИТХ-ын дарга болсон Х.Нямбаатарыг хүлээж авахгүй гэдгээ мэдэгдэн хэвлэлийн хурал хийлээ. Тус дүүргийн ИТХ-ын сонгуулиар АН-аас 17, МАН-аас 17, МАХН-аас хоёр төлөөлөгч сонгогдсон ажээ. Гэтэл МАН-ын таван нэр дэвшигч сонгогчдод мөнгө, эд зүйл үнэ төлбөргүй болон хөнгөлөлттэй үнээр тарааж, Сонгуулийн хуулийг ноцтой зөрчсөн байна. Энэ мэтээр дүүргийн удирдлагын эрх мэдлийг авах гэсэн МАН-ынхан дээрх хууль зөрчсөн үйлдлийг шүүхээр эцэслэн шийдээгүй байхад АН, МАХН-ын төлөөллийг оролцуулалгүй Иргэдийн төлөөлөгчдийн анхдугаар хуралдааныг энэ сарын 7-нд хуралдуулж, хууль бусаар нэр дэвшсэн Х.Нямбаатарыг дүүргийн ИТХ-ын даргаар сонгожээ.
ИТХ-ын төлөөлөгч М.Мөнхжаргал “Санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө тухайн дүүрэгтээ шилжин суурьшсан байх ёстой гэсэн Сонгуулийн хуулийн заалтыг зөрчсөн атал Х.Нямбаатар нь төлөөлөгчөөр сонгогдож, бас хурлын дарга болсон нь хууль бус” гэв. Тиймээс тус дүүргээс сонгогдсон АН-ын төлөөлөгчид анхдугаар хуралдааныг дахин хуралдуулах нь зүйтэй хэмээн үзэж, МАН-ынханд албан тоот хүргүүлсэн байна. Энэхүү албан тоотын дагуу асуудлыг шийдвэрлэх хүртэл АН-ын 17 төлөөлөгч хуралдаа оролцохгүй аж. Мөн Х.Нямбаатарын шийдвэрээр энэ сарын 30-нд зарласан Хороодын иргэдийн нийтийн хурлын анхдугаар хуралдааныг хүчингүй болгох нь зүйтэй гэлээ.
Ч.Мөнхзул