УИХ-ын гишүүн Н.Энхболд ийнхүү зовинов. Харин хотын даргад ямар нэг асуудал тулгараад байгаа юм биш шүү. Мээрийн санаачилж 1998 онд батлуулж байсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн нэг гол дэвшлээс одоо ухрах гээд байна хэмээн тэр үзсэн учраас болгоомжилсон аж. Энэ нь “Төр дэргэдээ мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглоно” гэсэн заалт. Ерөнхийлөгчийн санаачилсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөлд “Төрийн байгууллага үйл ажиллагаагаа сурталчлах зорилгоор мэдээллийн хэрэгсэл, суваг ажиллуулж болно” гэчихсэнд л баатар мээрийн өмнөөс эрхэм гишүүн зовнисон юм. Уг төслийг Байнгын хороогоор хэлэлцэх үед тэрбээр “Энэ заалтыг хасъя. Хотын даргыгаа амьд байлгамаар байна шүү дээ. Э.Бат-Үүл үүнийг сонсвол ухаан алдах байлгүй” гэсэн юм.
С.УУЛ