Арав гаруй жил өндөрлөгөөс буулгүй амьдарсан улс төрийн намын “цусны даралт” тэр түвшиндээ зохицчихдог бололтой. Сөрөг хүчний талбарт ганцаар “шидэгдсэн” Ардын намынхан шинэ нөхцөлд нэг л дасаж өгөлгүй өдий хүрлээ. Эрх баригчийн сэнтийгээс дөнгөж буусан даруйд “Ард Аюушийн” дүр бүтээх нь МАН-ынханд амар байгаагүй. Шинэ маягийн тэмцэгчдийг хүлээж авах бэлтгэл олон нийтийн сэтгэл зүйд шуудхан бүрэлдэхгүй нь ойлгомжтой. МАН-ын үе үеийн Ерөнхий сайд нар чуулганы танхимын үүдэнд эсэргүүцлийн үгтэй уриа лоозон тэвэрч, суулт зарласан нь ёстой л эв дүйгүй “эвэртэй туулай”. МАН-ынхныг будилж байх зуур улс төрийн улаан хэрүүлчийн дүрээр түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн өнөө АН-ын З.Энхболд, С.Эрдэнэ нарын “Аюушууд” олбог суудалдаа овоо төвхнөөд авлаа.

МАН УИХ-д бүлэгтэй болох, албан ёсоор хуралдах энэ өдрийг удаан хүлээсэн мөртлөө, яг хүрээд ирэхэд нь баярлаж хөөрсөнгүй. Болох ёстой зүйл болдгоороо болсон мэт ямар нэг нээлтийн ёслол үйлдсэнгүй. Тэд халуун намраар Орон нутгийн сонгуулийн дараа бүлэгтэй болохоо зөгнөж л байсан. УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хуралддаг товтой өчигдрийн бага үдэд МАН-ын гишүүд Төрийн ордонд бус, Удирдах зөвлөлөө хуралдуулахаар Тусгаар тогт нолын ордондоо цуглав. Тэд албан ёсны бүлэг ёсоор анхны хурлаа хийхийн өмнө УИХ-д ямар өнцөг, чиглэл барьж ажиллах тактикаа хэлэлцжээ. Өнцөг, чиглэл ерөнхийдөө ойлгомж той. Олонхийг хянах, эрх баригчдын эсрэг талбарт МАН ажиллана. Гэсэн ч Удирдах зөвлөл албан ёсны үйл ажиллагаагаа эхлүүлж буй намын бүлгийн 25 гишүүндээ хүчтэй сөрөг хүчин болж ажиллахыг анх удаа албан ёсоор үүрэг болгосон байна.
Сүүдрийн Засгийн газар гэдэг ч юм уу, хяналт тавих ямар нэг механизмыг бий болгохыг санал болгожээ. Ингэхдээ “Иргэдийн хяналтын танхим” гэсэн нэр шилтэй бүтцийн талаар ярилцсан байна. УИХ-д хүчтэй сөрөг хүчин болж ажилласнаар МАН мэдээлэлд ойртоно. Лав л сая Засгийн газар бонд гаргах гэж байсныг сөрөг хүчин сүүлчийн мөчид олж мэддэг шиг алмай явдал дахин гарахгүй гэж найдъя. Мэдээлэлд ойртох хэрээр сөрөг хүчний хяналт сайжрах учиртай. Энэ хяналтын мөрөөр олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд зөвхөн Засгийн газрын байр суурийг цацдагаа болиод, Парламентад дор хаяж 2-3 эх сурвалжаас асууж лавладаг уламжлал сэргэх биз ээ. МАН-ын бүлэг албан ёсоор бай гуу лагдмагцаа нэн түрүүнд амжуу лахаар яаравчлах зүйл бол 25 гишүүнээ Байнгын хороодод ажиллуулах хуваарь юм.
Байнгын хороо нь Парламентын үйл ажиллагааны амин сүнс болохын хувьд тэнд МАН-ын гишүүд ажиллаж гэмээнэ сөрөг хүчин хяналтаа бодитой, ажил хэрэгч байдлаар илэрхийлэх боломжтой болох юм. Гэтэл МАН бүлэгтэй болсон ч хүчтэй сөрөг хүчин болж чадахгүй гэсэн бодолтой хүмүүс цөөнгүй байна. МАН-ын тэргүүлсэн Засгийн газрын инерци бүрмөсөн зогсоогүй, одоогийн эрх баригчдын эхлүүлсэн ажлын үр дүн харагдах хангалттай хугацаа өнгөрөө гүй байхад сөрөг хүчин шүүмжлэлээр “галлавал” эгээ л өөрсдийгөө үгүйсгэн муучилж байгаагаас өөрцгүй хэрэг болно хэмээн тэд үздэг. МАН-ыг ам ангайх тоолонд “Та нарын лай ланчгийг шинэчлэлийн Засгийн газар арилгах гэж зүдэрч явна” гэж АН дуугарч чадна. Ийм болгоомжлол мөн МАН-ынханд ч байхыг үгүйсгэхгүй. Тиймээс олон жил эрх барьсны дараах МАН-ын хувьд нэн шинэ, мөн хүчирхэг байх сөрөг хүчний онцгой тактик боловсруулах шаардлагатай тулгарч байна. Сөрөг хүчин гэдэг хэн дуртай нь, юу хүссэнээ чалчиж болдог талбар бас биш юм. Маш мэдрэмжтэй тоглолт хийхгүй бол өөрсдөө шаварт унах энүүхэнд.
Олон нийтийн талархлыг хүлээсэн улстөрчдийг тэргүүн эгнээндээ байршуулах, гол мессежээ тэднээр дамжуулан түгээх гээд тодорхой зохион байгуулалт хэрэгтэй. Харин одоо МАН-ын тэргүүн эгнээний улстөрчид, өөрөөр хэлбэл сөрөг хүчний дуу хоолой нь болох тэмцэгчид нь хэн юм? Энэ нь зөвхөн бүлгийн дарга Н.Энхболдын хийх ажил ч биш байх. МАН-ын 25-д өөрийгөө улс төрийн шинэ тавцанд дахин нээх боломж тохиож байна гэж ойлгож болно. МАН-ын бүлэг албан ёсоор үйл ажиллагаагаа эхэллээ. Улс төрд тэдний хэн нь хэн болохоо үзүүлэх хариуцлагатай, олон нийтийн хувьд үзэж харууштай, сонирхолтой үе ирж байна. Сөрөг хүчнээс хүчтэй, оновчтой хяналт, ноцтой баримтууд, цочир мэдэгдлүүд, гоё байр суурь хүлээх л үлдлээ.