Баталгаажуулах ажил өрнөж байна. МАН-ын бүлгийг баталгаажууллаа, одоо тус намаас сонгогдох УИХ-ын дэд даргыг баталгаажуулна. Энэ долоо хоногтоо уг ажил цэгцрэх юм. Ингэснээр бүтцийн хувьд Парламент сая нэг элэг бүтэн болж буй. Бас УИХ-ын түүхэнд анх удаа гурван дэд даргатайгаар ажиллах нөхцөл бүрдэж байна.
Парламентад Бүлэг байгуулах хэмжээний суудал авсан буюу наймаас дээш гишүүн сонгогдсон намаас УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлдэг хуультай. Үүний дагуу АН, “Шударга ёс” эвсэл, МАН гурав тус бүр нэг УИХ-ын дэд дарга “өмчилнө”. АН-аас С.Баярцогт, эвслээс Л.Цог нар энэ хариуцлагатай албыг хашаад хэдэн сар өнгөрч байна.
МАН-ын хувьд Удирдах зөвлөлөөс нь М.Энхболдыг энэ албан тушаалд сойхоо мэдэгдээд байсан юм. Эд бүгд л туршлагатай улстөрч. Олон нийтэд хэдийнэ танигдсан тэднийг дахин танилцуулах нь үнэндээ илүүц. Гэхдээ хэн хэнийх нь хувьд УИХ-ын дэд даргын албан тушаал анхных юм.
С.БАЯРЦОГТ
Залуус 1990-1992 оны АИХ-ын түүхэн гэрэл зураг сөхөөд үзээрэй. Бараг өөрөөсөө нь том, хар хүрээтэй нүдний шил зүүсэн 23 настай депутат С.Баярцогттой танилцаж болно. АИХ, Улсын бага хурлын гишүүнээр ийм залуудаа сонгогдсоноос хойш тэрбээр улс төрд “хадаатай” яваа. 1992-1996, 2000-2004 оны УИХ-ын гэрэл зургаас л түүнийг олж харахгүй. Бусад үед нь тэр сэлэнгэчүүдээ төлөөлөн сонгогдсоор, эдүгээ дөрөв дэх удаагаа УИХ-д ажиллаж буй. Түүний улс төрийн туршлага, эзэмшсэн мэдлэг, боловсролыг чамлан маргах хүн олдохгүй. Эх орноосоо гадна АНУ, ОХУ, ХБНГУ-д суралцсан гишүүн маань “лааз өшиглөх” хугацаандаа харин хаана явсныг зарим уншигч мэдэхгүй байж мэдэх юм. 1992- 1994 онд Улс төрийн боловролын академид багш, эрдэм шинжилгээний ажилтан, 2000- 2004 онд “Товхонхан” ХХК-ийн зөвлөх, Олон улсын валютын санд шинжээчээр ажиллаж байсан юм билээ. Байгаль орчны болон Сангийн сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга байсан.
С.Баярцогт аливааг тайлбарлахдаа тун сайн, бас асуудлаа авч гарахдаа чадварлаг. Сангийн сайд байхдаа аливаа асуудал оруулахдаа шүүмжилсэн гишүүдийг “Тантай санал нийлж байна, таны зөв” гэж эвтэйхэн хэлээд л оруулсан асуудлаа аваад гарчихдаг байсан юм даг. Түүнийг УИХ-ын дэд даргын албыг хашихад хэн ч гайхаагүй. Оюутолгойн гэрээ байгуулах Ажлын хэсэгт Сангийн сайдын хувиар орж, зүтгэн ажилласныхаа хариуд тэр багагүй шүүмжлэл сонсож байгааг эс тооцвол олны ам сайн байдаг.
Л.ЦОГ
УИХ-д гишүүнээр сонгогдохоос нь өмнө “Хууль зүйн сайд асан” гэсэн тодотгол түүнийг дагадаг байв. Тэрбээр 1996-1999 онд УИХын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга, 1999 онд Хууль зүйн сайд байсан юм. Хуульч мэргэжилтэй, Хууль зүйн сайд асан маань сүүлийн хэдэн жил иргэний хөдөлгөөн, жагсаал, цуглаанаар имижээ бүрдүүлж явсан билээ. Түүний туршлага уг албыг хашихад хангалттай.
М.ЭНХБОЛД
Энэ эрхэм удахгүй УИХ-ын дэд даргын суудалдаа заларна. Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хурлаар Ж.Батзандангаас бусад гишүүн түүнийг ярсхийтэл дэмжсэн. Эдийн засагч мэргэжилтэй гишүүн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар долоон жил ажилласан. Гурав дахь удаагаа УИХ-д сонгогдсон, сайд, Ерөнхий сайдын албыг хашиж байсан учраас түүний туршлагын талаар яриад ч яах вэ. Гэхдээ хотын дарга хийж байсан хүний араас хар бараан мэдээлэл дагадаггүй жамыг тэр тойроогүй. “Газрын наймаачин” гэсэн гуншин түүнийг дагадаг. Өчигдрийн Байнгын хорооны хурал дээр Ж.Батзандан гишүүн “Хуулийг хэрэгжүүлэхэд анхаарч ажилладаг хариуцлагатай энэ албан тушаалд газрын наймаа авлига, хээл хахуулийг дэлгэрүүлсэн хүнийг дэвшүүлж болж байна уу. МАН-д түүнээс өөр боловсон хүчин олдоогүй юм уу. Хүүхдийн паркад газар авсан компаниудын зөвшөөрөл дээр М.Энхболд Засаг дарга байхдаа гарын үсэг зурсан шүү дээ” гэсэн юм.
Харин нэр дэвшигч нь “Би долоон жил хотын даргаар ажиллаж, хууль журмын дагуу газар олгосон. Харин Үндэсний соёл амралтын хүрээлэнд олгосон газарт миний газрын үсэгтэй нэг ч зөвшөөрөл байхгүй. Хотын дарга байсан гэхээр л бусдын өмнөөс бурууг үүрдэг байж таарахгүй. Хэрэв танд эргэлзээ байгаа бол хуулийн байгууллагаар шалгуул” гэсэн хариу өгсөн. Хүн амын тал нь амьдардаг Улаанбаатар хотыг долоон жил захирч, хожим нь Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж, гүйцэтгэх засаглалын тэргүүний ажилд гаршсан түшээ маань одоо хууль тогтоох байгууллагынхаа дэд даргад хүчин зүтгэх нь. УИХ-ын дэд дарга “том даргаа” орлохоос гадна тус тусын хариуцсан ажил, чиг үүрэгтэй байдаг. УИХ-ын анхны гурван дэд дарга туршлага, мэдлэгээ хэрхэн ашиглаж ажиллахыг харах үлдэв.