Эрүүл мэндийн сайд Д.Удвал өчигдөр Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвийн Цусны болон бөөрний тасгийн хүүхдүүдэд бэлэг тараав. Цусны хорт хавдартай хүүхдүүдэд өртөг өндөртэй эмчилгээ шаарддаг, эмнэлэгт удаан хугацаагаар хэвтдэг учир эрүүл мэндээс гадна сэтгэл зүйн хувьд ч хүндхэн байдаг. Ийм өвчтэй хүүхдүүд дээр Эрүүл мэндийн сайд өвлийн өвгөн дагуулан ирж бэлэг тараав. Хүүхэд л юм хойно амттанд дуртай. Гэхдээ тэдэнд амтат чихэрнээс илүү хүнд өвчнөөсөө ангижирч, эрх дураараа тоглож наадах нь чухал байгааг өвчтэй хүүхдийн гэнэн цайлган нүд хэлээд өгөх шиг санагдав.
Сайдаас бэлэг авсан цусны хорт хавдартай 10-аад настай хүү “Сайд аа, надад бэлэг биш тариа хэрэгтэй байна” гэж шуудхан хэлсэн нь тэнд хэвтэж байгаа хүүхдүүд болон хүүхдээ сахиж буй томчуудын үнэн үг байлаа.
Шинэ жил дөхөж Ерөнхий сайдаас эхлээд бүх л сайдууд нь ийш тийш зөрөлдөн давхилдаж, багачуудад бэлэг тараадаг моод дэлгэрлээ. Боловсролын сайд сургууль, цэцэрлэгээр, Эрүүл мэндийн сайд хүүхдийн эмнэлгээр, хүүхдэд хамааралгүй салбарынхан ч эмзэг бүлгийнх, энэ тэр гэж багачуудыг нийгмийн байдлаар нь ангилан хувааж байгаад эрээн ууттай чихэр, жимс тараан шоудаж байна.
Эрүүл мэндийн сайдад шийдвэрлэх асуудал олон байна. Эх, хүүхдийн эрүүл мэндийн асуудал нийгмийн хамгийн эмзэг сэдэв боллоо. Өвчлөл эрс ихэсч, эмнэлг үүдийн ачаалал хэрээс хэтэрлээ. Өвчтөнүүд эмнэлгийн хонгилоор зулан хэвтэх нь жирийн үзэгдэл болов. Баянгол дүүргийн Нэгдсэн эмнэлэг Хүүхдийн тасагг үйгээс хүүхдүүд нь хаа байсан Сонгинохайрхан дүүргийн эмнэлэгт хэвтдэг. Хатгаа туссан хүүхэд Сонгинохайрхан дүүргийн эмнэлэгт хэвтээд хатгаанаасаа салсан ч, хамуу аваад гарсан гээд тоочвол Н.Удвал сайдад шинэ жил далимдуулан хүүхдэд бэлэг тараагаад шоудаж явах зав даанч үгүй баймаар.
Цусны хавдартай, бөөрний эмгэгтэй ч ялгаагүй өвчтэй хүүхдийн дархлаа сул байдаг. Ийм эмзэг хүүхдүүд дээр салбарын сайд нь гадуур хувцсаа ч тайлаагүй хэвлэлийнхнийг 20-30-аар нь дагуулаад тасаг тасгаар хэслээ. Өвчтэй хүүхдүүд мэдээж хоолны дэглэм сахидаг байж таарна. Амттанаас буцдаггүй нь хүүхдийн зан. Тэд сайдын өгсөн чихэр, шоколаднаас идээд өвчнөө хүндрүүлбэл яана. Сул биетэй тэд сайдын дагуулж ирсэн гадуур хувцастай, ямар өвчний нян тээж яваа нь үл мэдэгдэх хүмүүсээс нэмж халдвар авбал юу болно. Үүнийг сайд тооцоолсонгүй гэж үү. Хүүхдийн эмнэлэгт хэтэрхий түрэмгий дайрч ирэхдээ Н.Удвал сайд цусны хорт хавдартай хүүхдүүдэд амин чухал тариаг нь төсвөөс даахаар болсныг дуулгав
Энэ мэдээ л хүүхдүүдэд чихэрнээс илүү үнэтэй. Гэхдээ хэвлэлийнхнийг араасаа хуйлруулан хүүхдийн эмнэлгийг хөлдөө чирэх хэрэг байгаагүй. Бэлэг тараах нь Эрүүл мэндийн сайд биш, өвлийн өвгөн хийгээд хүүхдийн төлөө байгууллагынханд л зохисон ажил. Түүнийг нь хүнд өвчтэй хүү ч хэлээд өгөх шиг болов.