Монголын спортын сэтгүүлчдийн холбоо шинэ жилийн өдөрлөг зохион байгуулж, телевиз, радио, сонин сэтгүүл, цахим сайтуудын сурвалжлагчид цугларлаа. Энэ үеэр оны ололт амжилтаа дүгнэн шилдгүүдээ тодруулахад телевизийн сэтгүүлчдээс С.Шижирбат, сонин, вэб сайтаас Д.Нанжид нар болон байгууллагаар "Спортбокс" сувгийнхан шалгарч 2013 оны Азийн спортын наадмыг сурвалжлах эрхээр шагнажээ. Мөн “Ганьт” компаниас Монгол TV-ийн сэтгүүлч Ж.Баттөмөрийг тив дэлхийн аль нэг тэмцээнд, Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос news.mn-ийн сурвалжлагч С.Шүрийг NBA China games-т, Байт харвааны холбооноос “Ардчилал”-ын Д.Цэцэгмааг Шанхайн гранпри тэмцээн, Чөлөөт бөхийн холбооноос МҮОНРТ-ийн Д.Батжаргалыг Будапештэд болох чөлөөт бөхийн ДАШТ-ийг сурвалжлах замын зардлаар тус тус шагналаа. Энэ үеэр олон хүн энгэр цоолсны дунд МҮОНРТ-ийн редактор Л.Цагаандалай МҮОХ-ны дээд шагнал “Алтан очир” одонгоор, гэрэл зурагчин Ч.Ганбат, news.mn-ийн албаны дарга Б.Бадамгарав, “Өнөөдөр” сонины фото сэтгүүлч Э.Харцага, “Таван цагариг” сонины сурвалжлагч Г.Баярсайхан нар “Олимпийн алдар” одонгоор, И.Отгонбаатар, Д.Нанжид, А.Алтанчимэг, А.Түмэнбаяр нар МҮОХ-ны алтан медалиар, Монголын тэшүүрийн холбооны шагналаар “Таван цагариг” сонины сэтгүүлч Б.Өлзийтогтох, Монголын волейболын холбооны шагналаар MNC телевизийн сэтгүүлч Ж.Баяржаргал нар шагнуулсан юм.