УИХ 2012 оны сүүлчийн ажлын өдөр 74 дэх гишүүнээ өлгийдөж авчээ. МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслээс жагсаалтаар сонгогдсон, оны хамгийн “үйлийн үртэй” хүнээр тодруулж болохоор энэ хүн нь Ц.Оюунбаатар байлаа. “Ц.Оюунбаатар тангаргаа өргөх гэнэ” гэсэн яриа гарч, тэгснээ хэрэгжилгүй замхардаг байдал гарын арван хуруунаас ч илүүрхэхээр давтагдсан.
Жагсаалтаар нэр дэвшсэн МАХН-ын дарга Н.Энхбаяр, гишүүн Э.Батшугар, С.Нарангэрэл нарын нэрийг СЕХ хассанаас үүдэн энэ эрхэм улс төрийн тоглоомын бай болсоор хэдэн сарыг элээсэн юм. МАХН-ынхан эхлээд Н.Энхбаярыг зүтгүүлэхээр түүний тангараг өргөхийг түр түдгэлзүүлсэн. Цэцэд хандсан. Гэвч Цэц эцсийн шийдвэр гаргасан тул эвслийнхэн МАХН-ын даргын хүү Э.Батшугарыг хэдэнтээ зүтгүүлсэн билээ. Монголбанкны дэд тэргүүн болсон түүнийг “Цэргийн алба хаагаагүй” гэсэн үндэслэлээр СЕХ жагсаалтаас хассан юм. Тэгвэл МАХН-ынхан БХЯ-наас түүнийг цэргийн алба хаасан тухай тодорхойлолт авч, хэсэг заргалдсан.
Энэ бүхний эцэст УИХын гишүүн болно, болохгүй хэмээн сэтгэл зүйгээрээ багагүй тоглуулсан Ц.Оюунбаатар Төрийн ордонд албан ёсоор нэвтрэв. Арванхоёрдугаар сарын 28-ны чуулганаар “Шударга ёс” эвслийн бүлгийн ахлагч Н.Батцэрэг 11 дэх гишүүн нь тангаргаа өргөхөд бэлэн болсныг мэдэгдэж, хэлэлцэх асуудлын дараалалд оруулж өгөх хүсэлт тавьсан. Улмаар УИХ 2012 ондоо багтаж 74 дэх гишүүнийхээ бүрэн эрхийг албан ёсоор баталгаажуулсан юм. Одоо нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг болон Өвөрхангай аймгийн тус бүр нэг мандатын асуудлыг шийдэх л үлдэж байна.
С.ТУУЛ