Ерөнхийлөгчийн 2009 оны сонгуульд нэр дэвшигчийг тодруулах АН-ын ҮЗХ хуралдсан Соёлын төв өргөөний нэгдүгээр давхарт гэргий Б.Дэлгэртуяа нь нөхрийнхөө мөрийн хөтөлбөрийг хүн бүрт хичээнгүйлэн тарааж байх мөчид харин Э.Бат-Үүл намын нөхдийнхөө өмнө, индэрт гараад орь дуугаа гадагшлуулахгүй санаатай амаа жимийн, амьсгаагаа татаад, дотоод сэтгэлтэйгээ ноцолдож зогссон.
“Элдэв бүлэг, фракцууд хавирга сүвээ рүү Түгжил мэт бүлсэн чинь, андгай тангарагтнууд хээв нэг урвасан чинь, арай ичих нүүртэй нэг нь булан тойрон зугтсан чинь, адал балмад авираа лут ухаан гэж хөөрөх нөхрөө харсан чинь тал талаасаа бүчүүлэн балбуулах хөөрхий муу сэтгэл гээч маань өвдөхдөө байдгаараа орилсон юм” хэмээн Э.Бат-Үүл одоогоос ердөө дөрөвхөн жилийн өмнө гаслан халаглаж билээ. Тэгэхэд Элбэгээ андтайгаа өрсөлдөөд, ялагдаж зогссон үеийн сэтгэгдлээ ийн бичсэн хэрэг. Үг л хэлбэл бархирчих гээд, багтарч бачуурч гүйцсэн үе одоогийн Улсын баатар, Улаанбаатарын хүндэт Мээрт байсан юм.
Ардчилсан намын Дүрмийн хороо 2008 оны наймдугаар сард УИХ-ын анхдугаар чуулганд оролцсоны нь төлөө Э.Бат-Үүлийг намаас хөөх шийдвэрийг хэлэлцэж байснаас харахад өнөөдрийн өдрүүдэд гялалзаж яваа түүний улс төр дэх зам мөр саяхныг хүртэл тийм цэлгэр дардан байсангүй. Эрдэнийн Бат-Үүл. Омголон буриад цусаараа бахархаж амьдардаг энэ эрийн хувь тавиланд аав, эхнэр хоёрынх нь гүйцэтгэсэн үүрэг улст өрч нөхдийнхөөс нь хавьгүй илүү санагдана.
Монголын нэрт зохиолч Сэнгийн Эрдэнэ хөвүүн Бат-Үүлдээ хүн чанар, нэр төртэй амьдрах ухааныг л онцгойлон захисан гэдэг. Амьдралын замд шуурга, эргүүлэг тохиолдох бүрийд хүн чанараа алдаж, нэр төрөө гээхгүйг хичээх боловч улс төр түүнийг яг аавынх нь захисанчлан явуулж чад сан эсэхийг мэдэхгүй. “Өнөөгийн улс төрд хүн чанар, ёс суртахуунаа гээж, эвдэрсэн нэгэн болохгүй гэвэл сэтгэл санааны олон цохилтыг дааж, гутралын олон давааг давах хэрэг гарна. Гутралын давааны өндрийг хэлэх үү! Тэгээд бас муугаараа ижилсэж мунхагтаа хөлчүүрхсэн Түгжилүүдийн дунд гэгээтэй явна гэдэг нэн хэцүү” гэж Э.Бат-Үүл өгүүлсэн нь бий.
Улс төрд орж, ардчиллын төлөө баатар болтлоо зүтгэхээсээ өмнө, бүр хар багадаа “од” явсныг нь түүний үеийнхэн мэднэ. Бариу хувцас, урт үсээрээ охидын анхаарлыг татахаа андахгүй ганган ч хүү байж. Зөвлөлтөөс өөр зүг чиггүй байсан социализмын үед монголчуудын хувьд хахь хаалттай байсан барууны хамтлаг, дуучдын пянз цуглуулдаг, холио солио хийн панз үсэргэдгээрээ овтой ч явж. Гэнэн залуу насандаа зодоон цохион, архи дарс, охид хүүхнүүд, мөрийтэй тоглоом гээд адармаатай зөрчлүүдийг тойроогүй хулигаан байсан ч гэдэг. Адтай сэргэлэн, анхаарлын төвд байх чадвар тай ч, гэм нь жаахан царай муутай Э.Бат-Үүл “дошныхоо” хамгийн хөөрхөн охидын нэг Б.Дэлгэртуяатай үерхэж эхэлсэн нь хожим түүний эхнэр, хүүхдүүдийнх нь ээж болсон билээ. Эрдэнэ баавайн “дээгүүр толгойтын” хүн чанар, нэр төр ханхлуулсан номхон амбийцыг хөглөгч охин тэнгэр нь чухамдаа гэргий нь аж. Өдгөө 56 настай Э.Бат-Үүлийг улс төрд солигдмол үүл энэ тэр гэхчлэн олон хоч дагажээ. 20 гаруй жил улс төрд явсан хүнд жилийн нэг хоч өгсөн ч багадах.
Харин эхнэр нь түүнийг “Эрийн сайн Хан Харангуй” хэмээдэг бөгөөд Э.Бат-Үүл энэ нэрээ сонсохоор ялагдашгүй баатар болж хувирдаг гэж байгаа. Одоо Э.Бат-Үүл АН-ын Хан Харангуй болж хувирсан нь түүнд хоёргүй сэтгэлээр итгэн урамшуулдаг гэргийнх нь сэтгэлийн хүчнээс эхтэй. Улс төр, хөрөнгө мөнгө гэдэг ямагт нэг бөмбөгний хоёр тал мэт ойлгогддог. Энэ жишгээр харвал, манай хотын дарга Э.Бат-Үүл хэр их хөрөнгөтэй хүн бол. Түүнд өөрийн гэсэн бизнесийн эрх ашиг, өмгөөлж хамгаалдаг хувийн компани бий болов уу? Эхнэрийнх нь ажиллуулдаг дуу бичлэгийн студи байдгийг мэдэх юм. Том хүү Б.Чулуудай нь хөдөө аж ахуйн салбарт бизнес эрхэлдэг сураг байна. Улсын баатрынх маань Санзайн зусланд сайхан байшинтай болсон гэх. Үүнээс өөр зүйл олж мэдсэнгүй. Өөрөөр хэлбэл, хөрөнгө мөнг өөр барьцаалагдаагүй, бизнесийн бүлэглэлийн эрхшээлд оролгүй үлдсэн цөөн улстөрчийн нэг нь тэр байх. Миний бие одоогоос долоон жилийн өмнө УИХ-ын гишүүн байхад нь Э.Бат-Үүлээс ярилцлага авахдаа ямар эрчүүдэд дургүйг нь асууж байлаа. Тэгэхэд тэрбээр “Нэг их эдийн шуналтай эр хүнд ясны дургүй” гэж хариулсан. Ийм хэвээрээ л байгтун.
Монгол Улсын иргэдэд газар эзэмшүүлэх хуулийг Ардын намынхнаар овоглодог хэдий ч энэ хуулийн амин сүнс болсон иргэн бүрт 0.07 га газрыг нэг удаа үнэгүй олгох заалтыг яах аргагүй Э.Бат-Үүлийн санаачлан зүтгүүлснээр хуульчилсныг мартаж болохгүй. Түүнчлэн тариалангийн газрыг аж ахуйн нэгжүүдэд эзэмшүүлэх байсныг Э.Бат-Үүл трактортай жагсаал хийж байж болиулсан билээ. Намаасаа албан тушаал горилж яваагүй, сайд болж үзээгүй, Байнгын хороо ч даргалсан удаагүй тэрбээр гэр хорооллыг хаус хороолол болгох уриатайгаар намаа НИТХ-ын сонгуульд ялуулав. Энэ үгийг АН гэхээсээ Э.Бат-Үүл хэлсэн болохоор, урваж шарваагүй он жилүүдийн эзэн амласан учраас нийслэлчүүд итгэсэн хэрэг Хотын дарга бол сайн инженер, аж ахуйч байх ёстой болохоос улстөр чийн хийх ажил биш гэсэн бодолтой хүмүүс бий. Харин манай шинэ Мээр бол яах аргагүй физикч, улстөрч. Гэхдээ иргэд Э.Бат-Үүлээс сайн аж ахуйчийн, сайн инженерийн хийж чадаагүй шинэчлэлийг хүсэн хүлээсээр байгаа билээ. Э.Бат-Үүл сэтгэлийн хөдөлгөөнтэй хүн. Уурлахаараа, эсвэл хөөрөхөөрөө биеэ барьдаггүй зэрэг огцом зан гаргах нь энүүхэнд. Парламентад суусан он жилүүдэд нь түүний хэрхэн аашилж, авирладгийг монголчууд бишгүй гадарлах болсон.
Харин Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл В.И.Лениний хөшөөг буулгах үеэр коммунистуудын тухай хийтэй мэдэгдэл хийснээсээ болж БНХАУ-ын Элчин сайдаас уучлал эрэхэд хүрээд авав. Монголын ардчиллын цайз хэрмийн нэгэн бат тулгуур хэмээн хүлээн зөвшөөрөгддөг хүнээс гарч үл болох алдаа энэ байлаа. Гэргийдээ эрийн сайн Хан Харангуй нь, улс төрд АН-ын Хан Харангуй болж чадсан Э.Бат-Үүл баатар төрөлх хотдоо Улаанбаатарын Хан Харангуй нь байхыг хүсэн ерөөе.