Төрийн албаны зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул өчигдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо тус албаны зөвлөлийн дарга, гишүүнийг үүрэгт ажлаас чөлөөлөх, шинээр томилох тухай асуудлыг хэлэлцэн дэмжив. Тус албыг цөөнгүй жил удирдсан Д.Зүмбэрэллхам эрдэм шинжилгээний ажил хийхээр болсон тул ажлаа хүлээлгэн өгөхөөс өөр сонголт байсангүй гэж өөрөө мэдэгдсэн ч УИХ-ын зарим гишүүн энэ шалтгаанд итгэхгүй байгаагаа хэлж байв.
Юутай ч Төрийн албаны зөвлөл шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсаны дараа шинээр томилогдсон яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлагуудын захирлын томилгоо хууль зөрчиж байна гэсэн мэдэгдлийг дөрвөн удаа хүргүүлсэн байдаг. Эхний шаардлагын хариуд Засгийн газар “Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга нарын сонгон шалгаруулалтын захиалгыг удахгүй хүргүүлнэ” гэж мэдээлсэн боловч өнөөдрийг хүртэл нэг ч сонгон шалгаруулалт зарлаагүй юм. Тиймээс Д.Зүмбэрэллхамыг өөрчлөх сонирхол Засгийн газарт байсан гэж эх сурвалжууд үзэж байна. Түүний оронд Ерөнхийлөгчийн зүгээс Балтавын Цогоог санал болгон, нэр дэвшүүлсэн юм.
Б.Цогоо нь 1956 онд Ховд аймгийн Мөст суманд төрсөн. Инженер-эдийн засагч мэргэжилтэй. Тэрээр 1981-1995 онд Шинжлэх ухаан, техникийн улсын хороонд мэргэжилтэн, референт, секторын эрхлэгч, орлогч захирал, 1995-2004 онд ОХУ-ын Москва хот дахь Шинжлэх ухаан, техникийн олон улсын төвд Монгол Улсын төлөөлөгч, 2004 онд Зам тээвэр, аялал жуулчлалын яамны Газрын дарга, 2004-2005 онд МИАТ ХКийн гүйцэтгэх захирал, 2005- 2009 онд “Крафт интернэйшнл” ХХК-ийн захирал, 2009 оноос өнөөг хүртэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Шинжлэх ухааны академийн харьяа Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн захирлаар ажилласан нэгэн.
Харин Төрийн байгуулалтын байнгын хорооны дээрх хурлаар Төрийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсгийн заалтыг үндэслэн Ерөнхийлөгчийн зүгээс санал болгон нэр дэвшүүлж буй Б.Цогоог томилох асуудлыг түр хойшлуулсан юм. Төрийн албаны зөвлөлийн даргыг Ерөнхийлөгчийн санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаагаар томилох бөгөөд нэр дэвшигч нь төрийн жинхэнэ албан тушаалд 15-аас доошгүй жил ажилласан, удирдах ажлын дадлага, туршлагатай, ял шийтгэлгүй, 45 нас хүрсэн Монгол Улсын иргэн ёстой. Харин Д.Цогоогийн төрийн жинхэнэ албан тушаалд ажилласан хугацаа хүрээгүй учраас томилгоог хойшлуулсан бололтой.