УИХ түүхэндээ анх удаа хамгийн олон буюу 11 эмэгтэй гишүүнтэй болоод байгаа. Бүсгүйчүүд УИХ-д албан бус бүлэг байгуулж, Л.Эрдэнэчимэг гишүүнээр ахлуулж буй юм. Тэгвэл тэд өчигдөр Цагаан сарын баярын өдрүүдийг гэр бүл, эдийн засагтаа дарамтгүй, өөр хэлбэрээр тэмдэглэхийг ард иргэддээ уриалав.
Монголчууд 2000 жилийн өмнөөс энэ баярыг тэмдэглэж иржээ. Эхэндээ малчны баяр гэх тодотголтой байсан ч эдүгээ үндэсний баяр болон өргөжсөн. Тэгвэл Цагаан сараар бусдад өгөх бэлгээрээ, өмсөх дээл хувцсаараа өрсөлддөг гаж маяг дэлгэрснийг бүсгүйчүүд буруушаав. Үндэсний өв соёлоо дээдэлж, хадгалах, ахан дүүсээрээ уулзан золгох баярын утгыг ийнхүү алдагдуулах болсон тул тэд ахмадуудаасаа эдийн биш, үгийн бэлэг авах, өрх бүлээрээ ургийн бичгээ хөтлөн баяжуулж, төрөл саднаа мэдэлцэхийг уриалсан. Нэг хэсэг сэргэж ирээд бүдгэрсэн ургийн бичиг хөтлөх ажлыг сэргээхийн тулд “Сар шинийн хувь, ургийн бичгийн аян” өрнүүлэхээр болсноо мэдэгдсэн.
Ургийн бичгийг ойлгомжтой хэлбэрээр хэрхэн хөтлөх аргыг олоход энэ уралдаан туслах гэнэ. Мөн гаднын элдэв хямд бүтээгдэхүүний оронд үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж хүнсний аюулгүй бүтээгдэхүүн, бэлгэдлийн чанартай соёлтой бэлгийг сонгох, үүний тул Цагаан сарын хувь хишгийн загвар шалгаруулах уралдааныг үндэсний үйлдвэрлэгчид, аж ахуйн нэгж, байгууллагуудын дунд нэгдүгээр сарын 5-13-ныг дуустал зарлав.