“Монголчууд сонгуулиа хийж чадахаа больж” гэсэн үгийг олон хүн хэлэх болсон. Олны яриа ортой байдгийг жил тойрон өрнөж буй сонгуулийн маргаанууд гэрчилж буй. Өнгөрсөн зуны УИХ-ын сонгуулийн хэрүүл зарга хэдийд өндөрлөж, Парламентын хоёр суудал хэзээ эзэнтэй болохыг хэлэхэд бэрх нөхцөл үүсээд байгаа. Тэгвэл маргаан нь дуусаагүй УИХ-ын сонгуулийн араас оны өмнө болж өндөрлөсөн Орон нутгийн ИТХ-ын сонгууль буухиалж, Хөвсгөл, Говь-Алтай аймагт дахиж магадгүй болоод байна.
Өнгөрсөн баасан гаригт болсон УИХ-ын нэгдсэн чуулганд Ерөнхий сайд мэдээлэл хийж, УИХ-ын гишүүдийн асуултад хариулах үеэр УИХ-ын гишүүн Л.Цог “Хөвсгөл, Говь-Алтай аймгийн ИТХ-ын сонгуулийг ирэх хавар болох Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатган явуулахаар болж байгаа гэдэг үнэн үү” гэж асуусан юм. Ерөнхий сайд “Би тийм зүйл дуулаагүй” гэж Л.Цог гишүүнд хариулсан боловч УИХ-ын дарга З.Энхболд Н.Алтанхуяг сайдад “Ийм нөхцөл үүсэж болзошгүй. Захиргааны хэргийн хяналтын шатны шүүх дээр яригдаж байгаа юм билээ” хэмээн шивнэсэн нь танхимд суусан хүмүүсийн сонорыг мялаасан юм. Тодруулбал Орон нутгийн ИТХ-ын сонгуулиар тус аймгуудын Сонгуулийн тойргийн хороо МАХН-ын нэр дэвшигчдийг бүртгээгүй. Орхигдсон нэр дэвшигчид шүүхэд хандаж байгаагаа мэдэгдэж байсан. Тус маргаан даамжирсаар Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн хяналтын шатны шүүхэд хүрчээ.
Говь-Алтай аймгийн Сонгуулийн тойргийн хороо, нэр дэвшигчтэй холбоотой маргааныг Хяналтын шатны шүүгчид энэ сарын 14- нд шүүх ба Хөвсгөл аймагтай холбоотой маргааныг хэлэлцэх товыг хараахан зарлаагүй байна. Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн хяналтын шатны шүүх “Орон нутгийн Сонгуулийн тойргийн хороод МАХН-ын нэр дэвшигчдийг бүртгээгүй нь хууль бус үйлдэл мөн” гэж үзвэл өнөөдөр мөрдөж буй Орон нутгийн сонгуулийн тухай хуулиар зохицуулах боломжгүй нөхцөл үүсэх аж. Тус хуульд ИТХ-ын сонгуулийг дахин явуулах эрх зүйн зохицуулалт байхгүй бөгөөд үүссэн нөхцөл байдлыг УИХ-аар хэлэлцэж, Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатгахаас өөр гарцгүй гэж таамаглаж байгаа юм байна. Одоогийн байдлаар тус аймгийн Засаг дарга нар томилогдоогүй байгаа. Тиймээс ИТХ-ын сонгуулийг дахин явуулах асуудлыг МАХН-ынхан идэвхийлэн хөөцөлдөж, гомдол гаргасан нэр дэвшигчдэдээ ямар нэгэн хөндлөнгийн нөлөөнд автахгүй байх үүрэг өгсөн сураг дуулдаж байна.
Тус намынхан Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн шүүгчдээс заргаа авч чадвал Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт УИХ-ын гишүүнийг сонгох, хоёр аймагт ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох санал хураалт Ерөнхийлөгчийн сонгуультай давхар явагдаж, ирэх хаврын сонгуульд өвөрмөц хачир нэмэх төлөвтэй.
Д.ОТГОНЖАРГАЛ