Хаяанд ирсэн сар шинийн баярын сургаар эрхэм гишүүд Цагаан сарыг ургийн баяр болгохыг уриалж, өрх гэр их хэмжээний хөрөнгө зарж сар шинийн идээ шүүс, архи дарс, бэлэг сэлт бэлддэг уламжлалаас татгалзъя гэж уриалав. Уриалга гэхээсээ шоу гэж хэлбэл таарах үйл явдлын буухиаг Ерөнхий сайд түүчээлж “Цагаан сарын бэлэг буюу өрсөлдөх чадвартай Монгол бүтээгдэхүүн” гэсэн сүржин нэртэй арга хэмжээ зохион, айл болгоны хойморт нэг орой залраад авлаа. Цагаан сарын сургаар тодорч байгаа түшээд Монголын 730-аад мянган өрх Цагаан сарын баярт нэг их наяд төгрөг зарцуулан, туйлын үрэлгэн хандаж байна хэмээн халаглав. Гэвч зуун удаа санаачилж, мянгантаа уриалсан ч иргэд Цагаан сараа өөр өөрсдийн хэвшсэн заншлаар тэмдэглэх л болно.
Манай сонин 2000 оноос хойш таван жил дараалан Цагаан сарыг уламжлалдаа нийцүүлэн тэмдэглэхийг уриалсан. Энэхүү уриалга иргэдийн санаанд нийцдэг ч тэд олон зуун жилийн түүхтэй, монголчуудын цөөхөн баярын нэг Цагаан сарыг өр тавиад ч болсон элбэг хангалуун өнгөрүүлэхийг хүсдэг. Ирж яваа оныг элбэг, арвин гаргах өвгөдөөс үлдсэн заншил, монгол хүний нэрэлхүү зан хоёрт гэнэтийн цохилт өгөөд нэмэргүй. Монголчуудын Цагаан сард хандах сэтгэлгээнд огцом өөрчлөлт зохихгүйг манай сонины туршлага харуулсан. Эрхэм гишүүд, Засгийн тэргүүний шоу хэлбэртэй уриалга ямар ч үнэ цэнэгүйг иргэд эрх биш мэдэхтэйгээ. Уцаарласан иргэд Цагаан сар гэдэг үгийн ард “Үрэлгэн, зардал ихтэй, хамаг мөнгө гадагш урсдаг” гэхчилэн баахан чимэггүй тодотгол зүүх юм. Энэ бол Монгол Монголоороо байх, Монголчууд Монголоороо үлдэх цөөн баярын нэг учраас нэр хүндийг нь өргөж баймаар. Тэгээд ч айлын эмээ, ээжүүд, үр хүүхэддээ өгөх бэлгээ хэдэн хүүхнээр заалгахгүй” гэх үгсийг интернэтээр дайж эхэлсэн байна лээ.
Үнэн хэрэгтээ айл өрхийнхөө гал тогоо, хэтэвч рүү өнгийх нь хэдэн түшээд, Засгийн хийх ажил биш. Түүний оронд цас зудтай орон нутгаа эргэж, нэгэн цагт амлаж байсан амлалтуудаа ажил хэрэг болгохоо ярьсан нь илүү болов уу. Сүүлийн үед шийдвэр гаргагчид жижиг асуудалд том ач холбогдол өгч шоудах болсноо ажил хийж байна гэж эндүүрдэг болсон нь түмний доог болоод байгаа. Зүгээр ч үгүй хэвлэлийн нүсэр баг дуудаж ирүүлээд хэчнээн их хөдөлмөрлөж буйгаа сонгогчдодоо харуулдаг болсон. Ерөнхий сайд гэр хороололд ажиллан, шуудайтай нүүрс өргөж байх юм. Засгийн газрын тэргүүн гэр хорооллынхонд эгэл бор амьдралаас холдоогүй дүрээ харуулахыг хүссэн байж мэдэх ч нүүрс зөөх нь түүний хийх ажил биш. Эрхэм сайдад хийх ажил бишгүй бий. Үгүйдээ л махны үнийг бууруулна гэсэн шийдвэрээ эргэн харж, холбогдох яамны сайд, түшмэдээ дуудан уулзаж, бодит байдал амлалт хоёрын зөрүү нь хэр байгааг нягталж байх учиртайсан.
Өнөөдөр 15 аймгийн 55 суманд өвөлжилт хүндэрсэн. Иргэд өвлийн хатууг тэсвэрлэхгүй малаа махлаад нийслэл рүү илгээж байхад махны үнэ буураагүй л байна, Ерөнхий сайд аа!. Улаанбаатарынхан нэг кг махыг 8000 төгрөгөөр худалдан авч байна. Шатахууны үнийг тогт вор той байлгана хэмээн Шинэч лэлийн Засгийн газар удаа дараа мэдэгдсэн. Бодлогоо хэрэгжүүлэхийн тулд нефть импортлогчидтой учраа олж байна гэсэн ч оны зааг дээр шатахууны үнэ чимх чимхээр нэмэгдчихлээ. ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл тойрогтоо ном тарааж, Шадар сайд нэг гишүүнээс огцрох ёстой гэсэн үг дуулаад, орон нутагт ажиллана хэмээн алга болсон нь энэ хэлбэрийн шоуг улстөрчид гаргууд хийдэг болсныг харуулж буй. Өөр нэгэн баримт. Дөнгөж төрсөн нярайг халуун усаар түлж, гэмтээсэн эмгэнэлтэй хэргийн дуулиантай холбоотой. Энэ мэдээ олныг хирдхийлгэж, нярайг хотод эмчлэхээр авч ирсний дараа салбарын сайд ар гэрийнхнээс нь уучлалт гуйж байгаагаа хэвлэлээр нэг зарлав.
Орчин цагийн эмнэлэг, эмч нарын ёс зүй, хариуцлага ямар түвшинд явааг харуулсан сувилагчид орон нутгийн эмнэлгийн удирдлага хариуцлага тооцох нь тодорхой ч, сайд тэднээс өрсөн байж буруутныг ажлаас нь хална гэдгээ олон нийтэд мэдээлэв. “Салбар чинь нэг л биш” гэсэн сануулгыг үл тоож явсан сайд бүх зүйл болоод өнгөрсний дараа хариуцлага алдсан ажилтнаа ноолж, шаналсан нярайг эргэж яваа нь арай дэндсэн шоу болж байна бус уу. Оны өмнө цөсний төрөлхийн битүүрэлтэй гэж оношлогдсон хоёр ихэр хүүгийн нэг М.Сайханбилэгт хандив цуглуулах ажил өрнөж байгааг мэдээллийн хэрэгслүүд зарласан. Гэтэл ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг “Би хүүгийн амидаа учраас” гэсэн утгатай юм ярьж, ажлынхаа хөлсийг зээлэн хүүд туслахаа мэдэгдэн шоудав.
ЗГХЭГын дарга хувийн тусламж, дэмжлэгээ хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан орон даяар рекламдав. Даргын санаачилж, тодорсон энэ аяныг АН-ын гишүүд “Ялалтын мөнгөн үдэш” шинэ жилийн цэнгүүн дээрээ үргэлжлүүлж, “Ялалтын туг” дуудлага худалдаа зохион байгуулан, мөнөөх тугийг ҮЗХ-ны нэг гишүүн нь зургаан сая орчим төгрөгөөр худалдан авч хүүд хандивлаж байна. Ердөө сарын өмнө хойт эцэгтээ зодуулж, хүнд бэртсэн долоон настай хүүгээр Нийслэлийн сүлд модны наадмын гэрлийг асаалгая гэсэн санаачилга гарч, олны хатуу шүүмжлэлтэй тулгараад авсан. Иргэд “Айдас түгшүүрт баглуулсан бяцхан хүүг олны өмнө гаргаж, зовлон нь хүндрэх ирээдүй рүү хөтлөөд яах нь вэ. Үеийнхэн нь хойт эцэгтээ адлуулсан гээд улам шогловол яах юм” хэмээн эсэргүүцэн байж зогсоосон. Түүнчлэн зөвшөөрөлгүй барил гын ажил балагтай гэдгээ гэрчилж, иргэд хүүхдүүд өргөгч кран, барилгын хавтанд даруулж цөөнгүй айл хагацалтай нүүр тулсан.
Хачирхалтай нь энэ бүхэнд анхнаас нь хяналт тавих учиртай мэргэжлийн байгууллагын хэн нэгэн удирдлага ниргэсэн хойно нь хашгирч “барилга нураана, буруутныг олно, ажлаас нь хална, солино” гэж хэсэгтээ шоудсан. Өнөөдөр эрхэм сайд дарга нарт иргэд, аж ахуйн нэгжүүдээс өдөрт хэдэн арваар нь өргөдөл гомдол ирүүлдэг. Хачирхалтай нь асуудлаа шийдэж чадалгүй сандарч яваа иргэдийнхээ өргөдөл, хүсэлтийг сөхөж хардаггүй яам, тамгын газрын удирдлагууд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарсан факт баримттай хөөцөлдөж, хандив тусламж үзүүлж, халж сольж буйгаа тод томруун зарлаж, хэдий болтол бусдын зовлонгоор шоудах гэсэн юм бол.
Д.ОТГОНЖАРГАЛ