УИХ-ын сонгуулиас хойш маргаан дэгдээсэн Өвөрхангай аймагт нэр дэвшигчид тохиролцож, шинэ оны өмнөхөн АН-аас нэр дэвшигч Г.Батхүү тангараг өргөсөн. УИХ-ын сонгуулийн сурталчилгаанд насанд хүрээгүй хүүхэд ажиллуулсан гэх нэр дэвшигчдийн маргаан Хан-Уул дүүргийн шүүхээс Өвөрхангай аймгийн шүүх, Үндсэн хуулийн цэц хүртэл үргэлжилж, шүүхийн эцсийн шийдвэр гараагүй байхад Г.Батхүү УИХ-ын гишүүний тангараг өргөсөн нь олон нийтэд АН, МАН хоёр Өвөрхангай аймгийн хоёр суудлыг хувааж авах тохиролцоо хийжээ гэсэн таамаглалд хүргэсэн юм.
Парламентад суудлынхаа тоог нэмэхээр яарсан улс төрийн намуудын тохиролцоо бодитоор хэрэгжсэнийг болсон үйл явдал харуулж, иргэд эгдүүцэхдээ “Ингээд тохирчих байсан юм бол сонгууль явуулаад хэрэггүй байсан юм биш үү” гэж байв. Өдгөө хоёр намын хууль бус тохиролцоо гацах тийш хандаж, Г.Батхүүгийн араас УИХ-ын босго алхах МАН-ын нэр дэвшигч С.Чинзоригийн тангараг өргөх сураг алдарч эхлэв.
Тус аймгаас сонгогдох мандатыг хуваах асуудлаар хоёр нам тохиролцсон нь үнэн гэж эх сурвалжууд нотолж буй юм. АН Г.Батхүүгээ УИХ-д зүтгүүлж, Д.Зориг тод Монгол Улсаас ОХУ-д суух Элчин сайдын суудал амлаж тайвшруулсан гэх. МАН төрд ажилласан туршлага, олон нийтэд өөрийгөө илэрхийлэх чадварыг нь бодолцон С.Чинзоригийг УИХ-д оруулна гэснийг улс төрд шинээр хөл тавьсан Н.Төмөрхүү эсэргүүцээгүй сураг байна. Г.Батхүү Парламентад тангараг өргөмөгцөө Өвөрхангай аймгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээ татаж, хэргийг шүүн хэлэлцсэн шүүгч Х.Отгонжаргалаар маргааныг хэрэгсэхгүй болгуулсан тухай захирамж гаргуулах ёстой байж.
Ийнхүү хоёр намын тохиролцоог урагшлуулах эрх Г.Батхүү гишүүний гарт очсон ч эрхэм гишүүн хүсэлтээ шүүхэд илгээхийг яарахгүй байгаа гэнэ. УИХ-ын гишүүний суудал намуудын барьцаанаас гарч амжаагүй байхад Парламентад албан ёсны бүлэгтэй болсон МАН-ын гишүүд УИХ-ын даргад “Манай гишүүд чуулганы ирц хүргэх үүрэх хүлээхгүй. АН-ын гишүүдийг нэгдсэн хуралдаандаа оролцуул” хэмээн шаардаж, Засгийн газраас гаргасан бондын зарцуулалтыг хүчтэй шүүмжлэх болсон. УИХ дахь МАН-ын бүлгийн эл байр суурь эрх баригчдыг нэлээд эмзэглүүлж байгаа бололтой. Тиймээс байдал энэ хэвээр үргэлжилбэл МАНын С.Чинзоригийн оронд Д.Зоригтыг оруулж ирэхэд болохгүй юм байхгүй гэж АН-ын бодлого тодорхойлогчид хэлэлцсэн тухай яриа Төрийн ордонд гарчээ.
Дашрамд дурдахад, нэр дэвшигчдийн маргааныг шүүсэн Өвөрхангайн шүүхийн шүүгч М.Кулдана Баянгол дүүргийн шүүхийн шүүгчээр тушаал дэвшээд удаагүйг Г.Батхүүгийн шагнал гэж эх сурвалжууд хэлж байна. Ингээд Өвөрхангай аймгийн шүүхэд хэлэлцсэн маргаан өндөрлөсөн эсэх талаар С.Чинзоригоос цөөн асуултад хариу авсан юм.
-Өвөрхангайн Захиргааны хэргийн шүүхэд өрнөсөн маргаан өндөрлөсөн үү. Асуудал одоо ямар шатанд яваа вэ?
-Шүүхийн эцсийн шийдвэр гараагүй. Ямар ч байсан МАН-аас нэр дэвшигчдийн сурталчилгаанд оролцсон гэж буруутгасан насанд хүрээгүй хоёр хүүхэд Сүхбаатар дүүргийн шүүхэд нэр төрөө сэргээлгэхээр хандсан. Шүүхээс энэ хэргийг шалгах шаардлагатай гэж үзсэн учраас иргэний хэрэг үүсгэсэн. Энэ хэргийг шийдчих юм бол шүүхээс эцсийн шийдвэр гаргахад дөхөм болно гэж найдаж байна.
-Яагаад хүүхдийн хэргийг Сүхбаатар дүүргийн шүүх шалгахаар болж байгаа юм бэ?
-Хүүхдүүд Г.Батхүүгийн нэр дээр гомдол гаргасан. Г.Батхүү Сүхбаатар дүүрэгт оршин суудаг. Шүүхэд хандсан гомдлыг хариуцагчийн харъяаллын дагуу гаргадаг учраас Сүхбаатар дүүргийн шүүх хэлэлцэх юм.
-Хоёр нам тохироод АН-аас Г.Батхүүг, МАН-аас таныг УИХ-д тангараг өргүүлэхээр болсон гэсэн яриа бий. Нэгэнт тохирчихсон юм бол ахин шүүхэд хандах хэрэггүй биш үү?
-Намуудын түвшинд юу ярьсныг би мэдэхгүй. Миний хувьд өөрийнхөө асуудлыг цэгцэлье гэж бодож байна. Намайг насанд хүрээгүй хүүхэд сонгуулийн сурталчилгаанд ажиллуулсан, эд зүйл, мөнгө тараасан гэж өрсөлдөгчид маань хардсан. Насанд хүрээгүй хүүхдүүд өнөөдөр шүүхээр буруугүй гэдгээ тогтоолгоод, нэр төрөө сэргээхээр явж байна. Аймгийн шүүх ч бас намайг эд мөнгө тараагаагүй гэдгийг тогтоосон. Тийм учраас би Улсын Дээд шүүхийн Сахилгын хороонд гомдол гаргасан. Сахилгын хорооны Ажлын хэсэг оны өмнө Өвөрхангай аймгийн шүүхэд ажиллаад, шүүгч Х.Отгонжаргалыг хуулийн заалтыг буруу хэрэглэсэн. Талуудад тэгш хандаагүй гэдгийг тогтоосон байна лээ.
Д.АМАР