Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар ҮАБЗ-ийн гишүүний үүргийг давхар гүйцэтгэдэг. Уг албан тушаалаа хашихаа больсны дараа улс орны аюулгүй байдалтай холбоотой олон чухал мэдээлэл дунд байдаг эдгээр хүний хамгаалалт, хангамжид гишүүн Г.Уянга санаа зовнижээ. Тиймээс тэрбээр Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл санаачилсан байна.
Дээрх гурван албан тушаалыг хашиж байсан 16 эрхэм байгаа аж. Уг албыг хашаад дууссаны дараа тухайн хүнийг ҮАБЗ-ийн тэргүүлэх зөвлөхөөр шууд томилох, улмаар насаар нь Засгийн газрын гишүүнийхтэй дүйх цалин олгох, орон сууцаар хангахаар төсөлд тусгажээ. Гэхдээ тэдгээр эрхэм төрийн өндөрлөгийн албанаас буусныхаа дараа бизнес эрхлэх, өөр ажил хийх хориотой. “Баялаг ихтэй, жижиг орны удирдлага байх хэцүү. Нууцтай холбоотой олон мэдээлэл дунд байсан хүмүүсээ хамгаалах нь төрийн бодлого, дархлаатай холбоотой” хэмээн тэр тайлбарласан.
Дээрх хүмүүсийн талаар анхаарах шаардлагатай байгаа ч хэтэрхий захиргаадах замаар шийдэх төсөл болж хэмээн УИХ-ын дарга З.Энхболд дүгнэв. Ерөнхий сайд, Ерөнхийлөгч байсан олон хүн ямар нэг компанийн хувьцаа эзэмшдэг, уг төслөөр бол үүнээсээ татгалзах болж байна. Түүнчлэн дээрх албанаас буусан бол өөр ажил хийх эрхгүй гэх мэт заалт нь хүний эрх зөрчжээ гэсэн байр суурьтай хүн цөөнгүй байв. Уг төслийн талаар гишүүдийн байр суурийг хүргэе.
Д.Эрдэнэбат: -Агуулгыг нь дэмжиж байгаа ч хэт нэг тал руу хэлбийсэн байна. Монголд ард түмнээсээ сонгогддог, төрийн хамгийн өндөр албан тушаал бол Ерөнхийлөгч. Тиймээс зөвхөн түүний хамгаалалт, хангамжийг авч үзэхэд болно. Дээр нь энэ хүн дараа нь дахин улс төрд орохгүй, ямар нэг намд харьяалагдахгүй байх ёстойг хуульчлах нь чухал. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын жишээг харахад л хэрэв энэ хүн дахин улс төрд ороогүй бол өнөөдрийн нөхцөл үүсэх байсан уу. Дээрх нөхцөлийг тусгаад, тухайн хүний эд хөрөнгө, эрх чөлөөнд халддаггүй байлгах ёстой. Ингэж байж төрийн дархлаа тогтоно. Ерөнхийлөгч гэдэг бол хамгийн өндөр дээд албан тушаал гэдгийг тэр хүн ойлгож, үүнийгээ өгсний дараа улс төрд дахин оролгүй, үргэлжид төрийн хүн чигээр үлдэх учиртай.
М.Гарамгайбаатар: -Би энэ төслийг дэмжихгүй. Төрийн гурван өндөрлөгт байсан хүмүүсийг нэгэн бүрэн эрхийн хугацаа дуустал тусгай хамгаалалтад авдаг. Энэ хугацаа дууссаны дараа тухайн хүн ямар ч ажил эрхлэх нь нээлттэй. Одоогийн жишгээр бол тэдгээр хүн их, дээд сургуулийн оюутнуудад лекц уншиж, мэдлэг туршлагаа хуваалцаж, компаниудад зөвлөх хийж байна, энэ зөв. Энэ эрхийг нь хязгаарлах ёсгүй.
Б.Болор: -Миний мэдэж байгаагаар П.Очирбат, С.Батболдоос эхлээд уул уурхайн компанид хувьцаа эзэмшдэг. Энэ байдлаар хуульчилбал тэд энэ хувьцаанаасаа татгалзахад хүрнэ. Тэгээд ч дээрх албыг хаших хүмүүсийн нас залуужиж байхад дараа нь өөр ажил хийлгэхгүй гэдэг нь өрөөсгөл. Монгол, ОХУ-аас өөр оронд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байсан хүн дахин улс төрд ороод байдаггүй. Тэднийг албаа өгсний дараа шууд ҮАБЗ-ийн зөвлөхөөр томилох нь бас дэмий. Гэр бүлээрээ бизнес эрхлэх эрхийг хасчихаж ч бас болохгүй.
З.Энхболд: -УИХ-ын даргыг 76 гишүүнээсээ сонгодог. Тэр тэднээс илүү мэдээлэл авч, ганцаар шийдвэр гаргадаггүй. Тиймээс энэ асуудалд УИХ-ын даргыг оруулах хэрэггүй. Бас тэднийг шууд зөвлөх бол гэж албадаж болохгүй. Ардчилсан хууль гаргах хэрэгтэй байна. Мөн эдгээр албанд байсан хүмүүсийг дараа нь дөрвөн жилээр тусгай хамгаалалтад авдаг. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд бол өөр байх, УИХ-ын дарга байсан хүнийг бол нэг жилээр хамгаалаад л өөрийнх нь хүсэлтээр хамгаалалтыг буулгахгүй бол ядаргаатай шүү дээ. Мэдээлэл хурдан шинэчлэгдэж байгаа үед дөрвөн жилд хуримтлуулсан нь хурдан л хуучирна. Энэ мэтээр гишүүд асуудал байгааг хүлээн зөвшөөрсөн ч арга, хэлбэр нь буруу, зохицуулалт учир дутагдалтайг шүүмжлэв. Төслийг хэлэлцэх эсэхээр санал хураахад есөн гишүүний дөрөв нь дэмжсэнээр Г.Уянгын санаачилга “унав”.
С.ТУУЛ