“Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал М.Энхсайханыг өчигдөр үүрэгт ажлаас нь чөлөөлөв. Эл шийдвэрийг Үйлдвэр хөдөө аж ахуйн яаманд харьяалагддаг болоод удаагүй Төрийн өмчийн хороо гаргасан бөгөөд албан тушаалаас чөлөөлөх тухай тушаалд “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэх талаар Шинэчлэлийн Засгийн газраас тавьсан зорилт, Зам тээврийн яамнаас хэрэгжүүлж буй бодлоготой зөрчилдсөн байр суурьтай байгаа тул М.Энхсайхантай цаашид хамтран ажиллах боломжгүй гэж дурджээ. Халаа сэлгээний сэжим Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгатай холбогдож байгаа. Тодруулбал, Х.Баттулга сайд болон “МТЗ” компанийн гүйцэтгэх захирал М.Энхсайхан хоёрын төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх бодлого нэгдээгүй тул энэ гэнэтийн халаа, сэлгээ болсон бололтой.
М.Энхсайхан МТЗ-ын даргаар томилогдмогцоо уул уурхай дагасан шинэ төмөр замын бүтээн байгуулалтад хоёр хөрш болон бусад улсын хөрөнгө оруулалтыг татахгүйгээр Монгол Улс дангаараа гүйцэтгэнэ гэж мэдэгдэж байсан. Ингэхдээ 100 хувь төрийн мэдлийн “МТЗ” компани эрх мэдлийг гартаа төвлөрүүлж, шинэ төмөр замын төсөлд оруулах эхний санхүүжилтээр хамгийн чухал, гол цэг болох Даланзадгадаас Сайншанд хүртэлх замыг дуусгах нь зөв. Хэрвээ энэ төслийг гаднын хөрөнгө оруулалтаар санхүүжүүлбэл “УБТЗ”- тай адил хувь нийлүүлсэн компани байгуулах нөхцөл үүснэ. Нөгөө талаар хувь нийлүүлсэн хэлбэрээр гүйцэтгэвэл хоёр хөршийн сонирхлыг тэнцүүлэх гэж төвөг болно, бас их гүрнүүдийн ашиг сонирхол шингэх магадлал өндөртэй гэсэн байр суурьтай байсан билээ.
Харин “МТЗ” ТӨХК-ийг Хонконгийн хөрөнгийн биржид бүртгүүлж, хувьцаа худалдах замаар босгосон хөрөнгөөр шинэ төмөр зам тавих бодолтой явдаг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгад М.Энхсайханы энэ байр суурь таалагдаагүй тул 1.5 тэрбум ам.долларын бондын хөрөнгө төсөл хөтөлбөрүүдэд хуваагдахаас өмнө М.Энхсайхан гэдэг “чагт”-наас яаралтай мултрах нь зөв гэж үзсэн бололтой. Энэ талаас нь харвал уг халаа сэлгээг төрийн өмчийн компанийн нэг захиралтай салбарын сайд нь хамтран ажиллах боломжгүй гэдгээ илэрхийлсэн хэрэг байж болох ч М.Энхсайхан бол Н.Алтанхуягийн танхимын гал хамгаалагч болох улс төрийн намын дарга гэдгийг мартаж болохгүй. Өнгөрсөн зуны долдугаар сард АН “Шударга ёс” эвсэлтэй хамтарч Засаг байгуулсан цагаасаа л М.Энхсайханд хүртээх бялуунд анхаарал хандуулсан.
Улмаар аравдугаар сарын 19-нд эдийн засаг, улс төр, геополитикт стратегийн ач холбогдол бүхий “МТЗ” компанийн тамгыг атгуулсан билээ. Гэтэл ердөө гурван сар ч хүрэхгүй хугацааны дараа Шинэчлэлийн Засгийн газар М.Энхсайханаас тамгаа буцааж авсан нь Монголын улс төрд хурцадмал байдал үүсгэх эхлэлийг тавив гэж ажиглагчид үзэж байна. Түүнчлэн М.Энхсайханыг “лааз өшиглүүлэх” шийдвэрийг Засгийн газрын тэргүүн өөрөө биш, салбарын сайд гаргачихаж байгаа нь эрх барьж буй АНын доторхи далдхан зөрчлийг илчлээд зогсохгүй Н.Алтанхуягийн суудал ганхаж эхэлсний дохио хэмээн дүгнэж байна. “Шударга ёс” эвслийн нөгөө багана МАХН Засгийн газраас гарна гэж айлгаж, намын даргынхаа хүүхэлдэй болон савлаж буй нь Засгийн бүрдүүлсэн улс төрийн хүчнүүд цаашид нэг гэрт удаан амьдрах баталгаа бага байгааг илэрхийлж буй. Тэгвэл МҮАН-ын М.Энхсайханыг албан тушаалаас нь өөрчилсөн шийдвэр Шинэчлэлийн Засгийн газарт доргио үүсгэж, магадгүй газар хөдлөх дохио болох шиг болов.
Халагдах тушаалаа авсан МҮАН-ын дарга өчигдөр Төрийн ордонд, УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн ахлагч Н.Батцэрэгийн өрөөнд намынхаа гишүүдтэй уулзаж өнжлөө. Түүний оронд Зам тээврийн сайд Л.Гансүх "МТЗ" компанийн дэд захирал П.Бат-Эрдэнийг томилуулах саналаа ТӨХ-нд хүргүүлжээ.
Д.ОТГОНЖАРГАЛ