УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн даргаар томилогдсон Б.Цогоо өчигдөр ажлаа хүлээн авлаа. УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей Төрийн албаны зөвлөлд хүрэлцэн ирж, Ажлын албаны хамт олонд УИХ-ын тогтоолыг танилцуулан, шинэ дарга Б.Цогоод тамгыг нь гардуулж өгөв.
Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо 1956 онд Ховд аймгийн Мөст суманд төрсөн. Инженер-эдийн засагч мэргэжилтэй. 1981-1995 онд Шинжлэх ухаан, техникийн улсын хороонд мэргэжилтэн, референт, секторын эрхлэгч, орлогч захирал, 1995-2004 онд ОХУ-ын Москва хот дахь Шинжлэх ухаан техникийн олон улсын төвд Монгол Улсын төлөөлөгч, 2004 онд Зам тээвэр, аялал жуулчлалын яамны Газрын дарга, 2004-2005 онд МИАТ ХК-ийн гүйцэтгэх захирал, 2005-2009 онд “Крафт интернэйшнл” ХХК-ийн захирал, 2009 оноос өнөөг хүртэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Шинжлэх ухааны академийн харьяа Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан юм.
УИХ-ын гишүүн А.Бакей “Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэх, төрийн албаны эрх зүйн орчныг шинэчлэхэд ажил тань чиглэх байх. Үе үеийн дарга нарын хэрэгжүүлж ирсэн шинэлэг ажлыг үргэлжлүүлэн, төрийн албыг улс төрөөс хараат бус байлган, шударга ёсыг дээдэлж, санаачилгатай, хамт олонтойгоо гар, сэтгэл нийлэн ажиллаарай” гэв.
С.УУЛ