Төрийн ордонд “сүнс” үзэгдэх болсон тухай яриа үе үе гарах болов. Чуулганы танхимд ялангуяа өнөөх “сүнснүүд” илүү байгааг МАНын гишүүд онцолж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт чуулганы хуралдаан ирцгүйгээс болоод нэг биш удаа хойшилсон. Энэ үеэр МАН-ынхан чуулганы танхимд орж суусан атлаа “Бид ирц бүрдүүлэх үүрэггүй. Олонх ирцээ бүрдүүлж байж асуудлаа хэлэлцэнэ” гээд бүртгэлдээ ороогүй. Дэлгэцэн дээр ирц 50 хувь давсан тэмдэглэгээ гараад буй атал танхимд 20 гаруйхан хүн сууж байдаг, тэгээд хууль, тогтоолын төслөө хэлэлцээд байдгийг тэд буруушаасан хэрэг. Дэгийн хуулиар бол, гишүүд ирцэндээ орж бүртгүүлсэн хэрнээ өөрөө эзгүй байвал тухайн асуудлаар эсрэг санал өгсөнд тооцогдоод явчихдаг. МАНынхан үүнийг “Ирц нь бүрэн харагдаад байдаг, гэтэл хүмүүс нь байхгүй. Сүнстэй УИХ шиг л байна” хэмээн зүйрлэсэн юм.