Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргаар ажил лаж, улс орны аюулгүй байдал тай холбоотой чухал мэдээллийн дунд байсан хүмүүсийг төрийн хамгаалалтад авч, тодорхой хангамж эдлүүлэх тухай гишүүн Г.Уянгын санаачилсан төслийг өчигдрийн чуулганаар хэлэлцэв. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороон дээр уг төслийг хэлэлцэх шаардлагагүй хэмээн үзсэн ч УИХ-ын чуулганаар “босгочихов”. Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах энэхүү төсөлд дээрх албан тушаалыг хашиж байгаад больсон хүмүүс дараа нь өөр ажил хийхийг хориглосон. Мөн бизнес хийх ёсгүй гэж үзэж буй юм. Улмаар насаар нь Засгийн газрын гишүүнтэй тэнцэх хэмжээний цалин олгож, нийгмийн баталгааг нь хангах замаар төрийн дархлааг тогтоох ёстой гэж төсөл санаачлагч үзсэн аж. Төрийн хариуцлагатай, өндөр албанд байсан учраас бүх л насаараа төрийн хүн гэдгээ ухамсарлах ёстой гэсэн түүний энэ санааг зарим гишүүн “Хүний эрх зөрчсөн” хэмээн шүүмжилсэн. Гэхдээ эдгээр хүн гадаад, дотоодын компанид өндөр цалинтай зөвлөхийн ажил хийж, дээрх албыг хашиж ахуйдаа авсан үнэт мэдээллийг буруу тийш ашиглах эрсдэл бийг хүлээн зөвшөөрөх хүмүүс байсан. Түүнчлэн Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд байсан хүмүүсийг ҮАБЗ-ийн зөвлөхөөр шууд томилохоор тусгасан. Байнгын хороогоор энэ асуудлыг хэлэлцэх үед зарим гишүүн “Уг албанд ажиллаж байсан хүмүүсийг авсан мэдээллээ ашиглахад нь хязгаар тавих ёстой” гэсэн санал хэлж байсан юм. Чуулган дээр гишүүд уг төслийг агуулгыг дэмжиж байгаа учир хэлэлцэх эсэхийг шийдээд цааш нь засаж, сайжруулаад явъя хэмээн үзсэнээр Г.Уянгын төслийг дэмжив.