Улаанбаатарынхан бид ч азтай улс юм аа. Спорт танхим энэ тэрд очоод байх завгүй, өдөржин ширээний ард суудаг ажилтай хүмүүс бол бүр ч башийж байна. Юу гэвэл, бид жил бүрийн арваас гуравдугаар сард улсынхаа нийслэлийн гудамж, талбайг тэр чигээр нь мөсөн гулгуурын талбай болгон, нийтээрээ түүн дээрээ гулган “наадаж”, биеийн тамираар хичээллэдэг. 477 мянган га талбай хамарсан ийм том мөсөн гулгуурын талбайтай улс дэлхийд өөр бий болов уу. Би лав дуулаагүй. Ер нь Гиннесийн номд бүртгүүлбэл яасан юм бэ. Соёл, спорт, аялал жуулчлалын яам энэ асуудлыг хөөцөлдөх хэрэгтэй. Ийм том талбайг хөлс хүч, мөнгө зарцуулалгүй байгуулж чадсан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба ч үүнд санаа тавих биз. Далимд нь дараагийн өвлийн олимпийг Улаанбаатартаа зохион байгуулах эрхийг авахын төлөө өрсөлдөхөө мартуузай.
Гадаадынхан шиг мөнгө зарж мөсөн гулгуурын талбай руу явахгүй, гэрийнхээ үүдээр гармагц л шууд гулгаад эхэлдэг нь бүр догь. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хот тохижилтын хэлтсээс нийслэлийн Хот тохижилтын газар, дүүргүүдийн ТҮК-д жил бүр цас хайлуулах бодис авч өгдөг. Уг бодисыг нь ТҮК-д цас ормогц хариуцсан нутаг дэвсгэртээ цацаж, цас хайлуулна. Өдөр нь хайлсан цас шөнө хөлдөж, гулгуурын талбайн хар мөс жигд өөгүй болно. Гулгуур бий болгох арга, технологи нь ийм амархан. Автомашины замаас бусад гудамж талбай, явган хүний зам дээр бол элс, давс, бодис энэ тэр цацаж мөнгө үрэхгүй. Мөсөн гулгуурын талбай байгалийн жамаараа л бий болчихдог.
Дэлхийн метрополис хотуудын тоонд багтаад удаагүй байгаа нийслэлийн маань удирдлагууд иргэдийнхээ татварын мөнгийг цас арилгахад зарцуулалгүй маш сайн хэмнэж чаддагт улаанбаатарынхан талархдаг байх, хэлдэггүй л болохоос. Мөсөн дээр гулгаж чадахгүй буурлууд, бага насны хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд харин өөр бодолтой байж магад. Гэхдээ тэд цөөнх шүү дээ. Хавар болохоор тэртэй тэргүй хайлах цас, мөсийг цохиж нүдэж, шүүрдээд дэмий л дээ. Хотын маань Мээр ухаантай. Харин нэг л юмыг мартчихаад байх юм. Тэшүүрээ хэзээ өгөх гээд байна аа. Намайг гуйгаагүй байхад мөсөн гулгуурын талбай байгуулж өгсөн юм чинь тэшүүрээ Мээрээс л нэхэх ёстой гэж би мунхаглана. Өвлийн спорт манай улсад олигтой хөгжөөгүй. “Цагаан” гэж тодотгодог олимпод олон орны тамирчин оролцож, Төрийн далбаагаа мандуулаад атаархмаар л харагддаг. Тэшүүр, уран гулгалтын төрөлд өндөр амжилт гаргаад байгаа тэр улсуудад манайх шиг бүхэл бүтэн хот эзэлсэн мөсөн гулгуурын талбай байхгүй. Тэшүүртэй болчихвол нийслэлчүүд бидний дундаас гаднын олимп, дэлхийн аваргуудыг ардаа хол орхих тамирчид олон байгаа.
Түргэхэн тэшүүрийг нь өгч, дасгал сургууль хийх боломжоор хангахыг шаардмаар байна. 2014 онд хойд хөршийн Сочид олимп болоход ганцхан жил, энэ өвлийн цас хайлахад хоёрхон сар л үлдлээ. Гутлаараа гарамгай гулгадаг бидэнд тэшүүрээр жирийж сурахад хоёр сар боломжийн хугацаа.