Одоогоос 21 жилийн өмнө буюу 1992 оны тавдугаар сард Монголын спортын сэтгүүлчдийн холбооны анхны ерөнхийлөгч, “Монголын спорт” сонины ерөнхий эрхлэгч Сурьмаажавын Түвдэннямын хамт Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоо (AIPS)-нд элсэх өдтэй бичиг, өргөдлөө “зандан ташууртаа” ил хийгээд, алтан Москваг дайран, Дунай мөрний эрэгт орших Будапешт хотыг зорив. Тэр үед AIPSийг тэргүүлж байсан Туркийн иргэн Тогай Баяатлы биднийг найрсгаар хүлээн авч, дэлхийн спортын “дуучдын” их гэр бүлд “түрлэг өргүүлж”, Монгол Улс өөрийн гэсэн сэнтий суудалтай болсон түүхтэй. Энэ үеэр миний бие Гүржийн спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Эльгужа Беришвили хэмээх нүдэнд дулаахан хүнтэй танилцсан билээ.
.jpg)
“Советский спорт” сониныг маань мэгзэм мэт уншиж, дэлхийн хөлбөмбөгчдийн нэрсийг хүрд шиг цээжилж байсан ид үе тул түүнтэй хамтдаа элдвийг хөөрөн нэгэн оройг өнгөрүүлэв. Хүн ам цөөтэй атлаа олон спортоор алдартнуудыг төрүүлсэн гүрж үндэстнүүдийг хувьдаа би их хүндэтгэдэг. “Сөүл-88” олимпод л гэхэд буудлагаар Н.Салуквазе, туялзуур сэлмээр В.Апциаури, хөлбөмбөгөөр Г.Кеташвили, гимнастикаар В.Гоголазе, чөлөөт бөхөөр Д.Гобежишвили, сонгомол бөхөөр М.Мамиашвили нар аварга болж, нийт 12 төрлөөс медаль зулгаасан авьяаслаг ард түмэн. Шота Руставелигийн бүтээл “Барсан хэвнэгт баатар” зохиолыг уншихад л ямар агуу байдаг билээ дээ! Хөлбөмбөгийн тайлбарлагч Кота Махаразегийн “Кинжалный удар” хэмээх “хадаас” тайлбар, Вахтанг Кикабизегийн өвөрмөц сөөнгө хоолой гээд л Гүрж орны бахархлыг тоочоод барамгүй. Ямар сайндаа л их ЗХУ-ын үед гадаад харилцааг нь гүрж цустай Э.Шевардназе атгаж, эх орны дайныг И.В.Жугашвили хэмээх Сталин гуай сөрөн зогсож, нацист Гитлерийг намалдагласныг дэлхий гэрчилнэ. Гүржүүд ч үүндээ сэтгэл маадгар байх шиг. Цааш өгүүлсү.
1992 оны тэр үдэш Эльгужа бид хоёр элдвийг хүүрнэн сууж байтал түүний нутгийн гурван залуу хаалга дэлдэн орж ирээд, Кавказ зангаараа “Кацо! Гамар жаба” (сайн байна уу, анд минь гэсэн гүрж үг) хэмээн хоолой мэдэн хашгирч, хэзээ язааны танил шиг намайг халуунаар тэврэн мэндчиллээ. Тэд Сталины уух дуртай байсан “Хванчхара” улаан дарсыг задлан, нутгаасаа авчирсан эвэр хундаганд хийж өглөө. “Допинг” хэрэглэсэн бид “зориг” орж, бүх сэдвээр хөөрөлдөж, сүүлдээ Тбилисийн “Динамо” руу сэдэв хальтрах нь тэр. Бид ч ам уралдан Тбилисийн “Динамо”- гийн тоглогчдыг шүүн хэлэлцэж байтал Кутанси хотоос ирсэн гэх Шота Пранцешвили: “Монголчууд хөлбөмбөг мэддэг юм уу?” хэмээн даапаалахад би ч тэссэнгүй гэнэтхэн босч “Динамо” (Тбилиси)-гийн алтан үеийн бүрэлдэхүүнийг, “32 цагаан лонх” мэт гүрж аялгатай дуржигнуулав.
...Отар Габелия, Тамаз Костава, Пируз Кантелазе, Нугзар Хизанишвили, Шота Хинчагашвили, Александр Чивазе, Вахтанг Коризе, Манучар Мачаизе, Владимир Гуцаев, Давид Кипиани, Гамаз Шенгелия, бас нөөцөнд Давид Гогия, Тенгиз Сулаквелизе, Реваз Челебазе, Виталий Церетелия, Гоча Мачаизе... гээд л амьсгаа авалгүй шахам уншив. Үүнд баярласан гүржүүд Будапешт хотын “Радиссон” буудалд уулын бүжиг хийж, “Хванчхара” ч булгийн ус мэт шоржигнон урсаж билээ. Хөөрхий “Динамо”-гийнхаа ачаар ийнхүү VIP үйлчилгээнд орсондоо баярлах ч шиг... Дараа нь гүрж анд Гүжа маань өөрийн эрхэлдэг “Champion” гэдэг сэтгүүлд энэ тухайгаа бичиж, нийтлүүлснээ Монгол руу илгээсэн юм.
Харамсалтай нь Улаанбаатарт гүрж бичгээр уншдаг хүмүүн одоо болтол олдоогүй тул хөөрхий бивээр “Тунгалаг Тамир”-ын Итгэлт мэт Эрдэнэ бичээчийг хүлээсээр хадны бичиг лугаа үсэг бүхий уг сэтгүүлийг хадгалсаар л байнам. Уг нь Монголд мэргэжилтэн эмчээр ажиллаж байсан, чөлөөтийн олон улсын шүүгч Н.Журулитай уулзахдаа уг ажлаа амжуулахаа мартсан байна билээ... 2012 оны наймдугаар сарын 10. Кавказийн цаст оргил мэт цав цагаан толгойтой болсон Эльгужа найзтайгаа “Лондон-2012” олимпийн чөлөөт бөхийн тэмцээн болсон “Excell” ордонд гэнэт таараад бөөн баяр боллоо. Яг 20 жилийн дараа шүү! Манай хүн 60 нас хүрч, өнөө муу ОТО “50.000” км зам туулж, зуугийн талд хүрчээ.
Бид 20 жилийн үүх түүхээ ярилцан, хоёулаа завгүй тул хоёр тийшээ салахаас аргагүй болсон. Харин Лондонгоос хойш саяхан таатай мэдээ ирж, Эльгужа Беришвили Гүржийн ҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр тохоон томилогдсон сурагтай. Өнө эртний түүхтэй, өвөрмөц ёс заншилтай, дэлхийд гайхагдсан спортын олон од манлай, сод тамирчидтай Гүрж орон сэтгэлд нэг л ойрхон. Гүжа маань бүр ч дотно...
Ж.Отгонцагаан