УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийж, бүлгийн дарга Н.Энхболд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус бүлгээс өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт байнгын хороодод харьяалагдах гишүүдийн тоог нэмж 21-д хүргэхтэй холбоотойгоор Монгол Улсын Их хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн юм. Энэ хүрээнд УИХ дахь намын бүлгүүдтэй зөвшилцөж ойлголцолд хүрсэн тухайгаа бүлгээр ярилцжээ. УИХ-аар дээрх хуулийн төсөл хэлэлцэгдэж батлагдсан нөхцөлд байнгын хороодод харьяалагдаж байгаа УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн тоо нэмэгдэж доод тал нь дөрөвт хүрэх аж. Одоо бол нэгээс хоёр хүртэлх МАН-ын гишүүн байнгын хороодод харьяалагдаж байгаа юм байна.
Харин тус бүлгийн гишүүдийн хувьд байнгын хороонд харьяалагдах МАН-ын гишүүдийн тоо 6-7-д хүрсэн нөхцөлд УИХ-д эзэлж байгаа 35 хүртэлх суудлын тоогоо хадгалж зохистой харьцаа үүснэ гэж үзжээ. Түүнээс гадна бүлэг орон нутгийн сонгуулийн дараа үүсээд байгаа нөхцөл байдлыг дахин хэлэлцжээ. Энэ асуудлаар бүлэг дээр Ерөнхий сайдаас өнгөрсөн долоо хоногт мэдээлэл сонсохыг хүссэн ч ирээгүй, гэхдээ УИХ-ын даргын зөвлөлөөр асуудлыг ярилцаад ирэх лхагва гаригт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар ярилцахаар болжээ. Тус бүлгийн гишүүдийн хувьд аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч томилох нь Үндсэн хууль хийгээд бусад хуулийг зөрчсөн үйлдэл болж байгаа гэдгээ энэ хуралдаанаар дахин баталгаажуулжээ.
Энэ тухай Н.Энхболд дарга “Үндсэн хуулийн цэцээс Засаг даргын үүрэг гүйцэтгэгч томилох нь хууль зөрчсөн үйлдэл гэдгийг 1996, 1997 онд тус бүр гаргасан шийдвэр байсаар байтал Ерөнхий сайд энэ бүхнийг зөрчлөө. Дорнод аймгаас УИХ-д сонгогдсон Н.Номтойбаяр гишүүний мэдээллээр бол тус аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчийг Ерөнхий сайд томилсон байна. Нөгөө хүн нь аймаг дээрээ явж очоод тамга тэмдэг булааж аваад сууж байгаа тухай яригдлаа гэлээ. Дорнод аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр Соёл, спорт аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч, УИХ-ын гишүүн асан П.Алтангэрэлийг томилжээ. Тиймээс энэ асуудлыг байнгын хороогоор ярина, шаардлагатай гэж үзвэл УИХ-ын чуулганаар асуудлыг ярих болно гэлээ.
Мөн энэ асуудалтай холбогдож гарсан бас нэг зүйл нь бүлгийн гишүүд орон нутагт эрх мэдлийг өгч төвлөрлийг сааруулна гэх Засгийн газар, УИХ-ын бодлого байгаа онохгүй байна гэж шүүмжилжээ. Аль болох эрх мэдлийг төвд төвлөрүүлэх бодлого барьж байна, тиймээс орон нутгийн засаг захиргааны байгууллагын төвлөрлийг сааруулахын эсрэг явж байгаа энэ асуудлыг судалж, шаардлагатай гэж үзвэл хуулийн төсөл санаачлах ёстой хэмээжээ. Мөн сүүлийн өдрүүдэд бараа, бүтээгдэхүүний үнэ өсөх болсонд цөөнхийн бүлэг анхаарлаа хандуулахаар шийджээ. Засгийн газраас зарим барааны үнийг тогтворжуулах зорилгоор тодорхой хөтөлбөр хэрэгжүүлж, компаниудад хөнгөлөлттэй зээл олгож байгаа. Гэвч бараа бүтээгдэхүүний үнэ өссөөр байгаа тул юунаас болж үнэ өсөөд байгааг судлах, тодруулах чиглэлээр ажиллах нь зүйтэж гэж үзсэн юм байна.
Харин Лениний музейг авах тухай Засгийн газрын шийдвэрийн талаарх сэтгүүлчийн асуултад Н.Энхболд дарга хариулахдаа одоогоор бидэнд албан ёсоор мэдэгдсэн зүйл алга байна . Засаг бусдын өмчид бүдүүлгээр халдсан шийдвэр гаргахгүй байх гэдэгт найдаж байна,бүх юм хуулийн дагуу явах ёстой гэлээ.