FIDE-гийн дэргэдэх Шатрын бодлого зохиомжийн олон улсын байгууллага (WFCC)-д 40 гаруй орон харьяалагддаг бөгөөд дээрх төрлөөр 500 гаруй ИМ, ОУМ, ФМ цолтон, 700 орчим дэлхийн чансаатай бодогчид байдаг. Монгол Улс тус байгууллагад 1988 онд 22 дахь гишүүнээр нь элсэн орсон түүхтэй. 2007 оны намар Грек улсад хуралдсан WFCC-ийн 50-р чуулганы үеэр жил бүрийн нэгдүгээр сарын 4-нийг Шатрын бодлого зохиомжийн олон улсын өдрийг тэмдэглэж байх шийдвэр гаргасан юм. Мөн чуулганаас шатрын бодлого зохиомжийг сурталчлан хөгжүүлэхэд идэвхтэй ажиллаж буй Монголын бодлого зохиогч С.Чимэдцэрэнд хүндэт мастер цол хүртээсэн билээ.
Энэхүү өдрийг тохиолдуулан 2011 оноос эхлэн “Хос мастер” шатрын академиас бодогчдын дунд тэмцээн зохиож ирсэн бөгөөд энэ жилийнхэд спортын мастер Б.Буяннэмэх, ФМ М.Гүнбаяр, С.Ган-Од нар шагналт байруудад шалгарч дэд мастер Б.Нямдаваа, ФМ Ж.Лхагваа нар 50-иас дээш хувийн амжилт үзүүллээ. Тэмцээний үеэр шатар сурталчлагч, кино найруулагч, спортын дэд мастер Б.Чимэддорж өөрийн туурвисан бүтээл “64-ийн эзэд” түүхэн баримтат киноныхоо хуурцагийг Р.Энхбат, А.Пүрэвжав нарын ахмад бодогчдод дурсгав.
Вейк-ан-Зеен тэмцээн эхэллээ
Энэ сарын 12-27-нд Голландын Вейк-ан-Зеед явагдах 75 дахь удаагийн супер тэмцээнд М.Карлсен (Норвеги, 2861), Л.Аронян (Армен, 2802), Ф.Каруана (Итали, 2781), С.Карякин (ОХУ, 2780), В.Ананд (Энэтхэг, 2772), Х.Накамура (АНУ, 2769), Ван Хао (БНХАУ, 2752), П.Леко (Унгар, 2735), А.Гири (Голланд, 2726), П.Харикришна (Энэтхэг, 2698), Л.ван Вели (Голланд, 2679), И.Соколов (Голланд, 2679), Э.Ами (Голланд, 2627), Хоу Ифань (БНХАУ, 2603) нарын 14 их мастер тойргийн журмаар өрсөлдөж байна. Тэмцээний эхний тавилд дэлхийн чансааг магнайлагч М.Карлсен, өсч яваа залуу шатарчин Ф.Каруана нарын эвийн гэрээ байгуулсан өргийн бичлэгийг сонирхоно уу.
