Засгийн газар кабинетийн зарчмаар ажиллаж, шийдвэр гаргах учиртай. Харамсалтай нь олонх байтугай цөөнх ч биш, ганц сайд ашиг сонирхол, үзэмжээрээ бие даан шийдвэр гаргаж, МҮАН-ын даргыг төрийн албан тушаалаас огцруулсан нь Засгийн газрын тэргүүний суудлыг ганхуулж мэдэх хүртлээ хурцдаж магадгүй байдалд хүргээд байна.
Н.Алтанхуягийг Цагаан сарын дараа огцруулж магадгүй гэсэн яриа Төрийн ордонд, хэсэг бүлгийнхний дунд яригдаж эхэлжээ. Гэхдээ Засгийн газрыг тэр чигт нь биш, зөвхөн Н.Алтанхуягийг АН-ын даргаас огцруулснаар Ерөнхий сайдаас нь унагах, эсвэл уламжлалт аргаараа шахаанд оруулан Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх хүсэлт гаргуулах замаар Шинэчлэлийн Засгийн газарт “шинэчлэл” хийж магадгүй байна. Гэхдээ энэ жил Ерөнхийлөгчийн сонгуулийн хариуцлагатай он. Тиймээс АН болон Засгийн газрыг тогтвортой байлгах нь улс төрийн хувьд чухал ач холбогдолтой тул АН-аас угшилтай Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос эхлээд улстөрчид энэ асуудалд тун болгоомжтой хандаж байна.
Цоожтой хаалганы цаана Ерөнхийлөгчийн УИХ-д хийсэн мэдээллийн агуулга ч үүнд чиглэсэн. Н.Алтанхуягийг огцруулах асуудал сөхөгдөх болсон нь өнөөх л бүдүүн, нарийн цариг буюу 75 мм-ийн зөрүүнээс үүдэлтэй өмнөх Засгийн газрын үед ч нэлээд хурц сэдэв болж байсан төмөр зам тавих саналын зөрөлдөөнтэй холбоотой гэсэн мэдээлэл байна. Тэр тусмаа өргөн царигтай төмөр зам барихын төлөө үхэн хатан тэмцдэг Х.Баттулгын ашиг сонирхол хөндөгдөж эхэлсэн нь Ерөнхий сайдын суудлыг ганхуулж эхэлсэн. Энэ нь үндэсний аюулгүй байдал, геополитикийн онцлог зэрэг улс орны эрх ашигтай холбоогүй. Харин АН-ын нөлөө бүхий лидер үүд болох Н.Алтанхуяг, Х.Баттулгын хэн нь илүү эрх мэдэлтэйгээ мэдрүүлэх гэсэн амбийцтай холбоотой гэвэл амьдралд илүү нийцнэ. Х.Баттулга МАН, АНын хамтарсан Засгийн газарт ЗТБХБын сайдын албан тушаал хашиж байсан. Тэр үеэсээ л төмөр замын талаар өөрийн хатуу байр суурийг тулгаж байсан. Тэр нь өргөн царигтай төмөр зам барих. Энэ шийдвэрээ гаргуулахын төлөө УИХ, Засгийн газартай сайдалцаж муудалцаж, сүрдүүлж, сүжирч хүртэл үзэж байж санасандаа хүрсэн.
Үүний цаана үндэсний аюулгүй байдал, улс орны эрх ашиг байгаа хэмээн үндсэрхэг үзэл ханхлуулдаг ч үүнд нь улстөрчид, эргэн тойрныхон нь тэгтлээ итгэдэггүй юм билээ. Гэхдээ АН-ын дарга биш ч өөрийн дэмжигч, хүрээлэгчдийнхээ цар хүрээгээр Х.Баттулга Н.Алтанхуягаас илүү. Тэгэхээр хэрвээ Ерөнхийлөгчийн сонгуулийн жил таарааг үй бол Н.Алтанхуягийг огцруулах Х.Баттулгын саналыг дэмжих нь АН-ынхны хувьд тийм ч эрсдэлтэй, байж болохгүй алхам биш юм. “Х.Баттулгын үе эхлэх улс төрийн нөхцөл бүрдсэн” гэж зарим улстөрчид шулуухан хэлж байна. Гэхдээ Н.Алтанхуягийг одоохондоо АН-ын дарга, Ерөнхий сайдаар хэвээр байлгах нь энэ намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сонирхолтой одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид ашигтай тул асуудлыг наадам хүртэл хойшлуулна хэмээн ажиглагчид үзэж байна. Зарим эх сурвалжийн хэлснээр Ц.Элбэгдорж маргаан үүсгээд байгаа төмөр замын асуудалд Х.Баттулгыг дэмжиж буй ч Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх давуу эрх Н.Алтанхуягт байгаа нөхцөл байдлыг үнэлж, түүний эсрэг хөдлөх боломжг үй болоод байгаа бололтой.
Н.Алтанхуяг ч түүнд үүнийг нь сануулсан гэсэн мэдээлэл байна. Харин маргааны эзэн М.Энхсайханы хувьд засагт хамтарсан “Шударга ёс” эвслийн нэг субъект-МҮАН-ын дарга атлаа жирийн нэг жижиг гар шиг ганц сайдын үзэмжээр томилогдсон албан тушаалаасаа огцорсон нь улс төрийн хувьд дорд үзэгдсэн явдал. Гэхдээ Ерөнхий сайд байсан, хал үзэж халуун чулуу долоосон тулхтай улстөрчийн хувьд Засгийн газрын тогтвортой байдлыг илүүд тавихаа илэрхийлсэн. Үүнээс үзвэл, М.Энхсайхан огцорсондоо хорсож МҮАН-ыг Засгаас гаргах, Засгийн газрыг ганхуулах хэмжээнд асуудал үүсгэхгүй нь тодорхой байна. Тиймээс 12 жилийн дараа сая нэг юм олдсон эрх баригч намын хэмжээнд ажиллах түүхэн энэ боломжоо тогтвортой ашиглах эсэх нь АН-ынхнаас өөрсдөөс нь, ялангуяа Х.Баттулгын амбийц, ашиг сонирхлоо хэрхэн зохицуулахаас шалтгаалах болоод байна.
Д.ОЮУН-ЭРДЭНЭ