
Төрийн ордонд МАН-ынхан болон Ерөнхий сайд муур, хулгана болж тоглох болов. МАН-ынхан Ерөнхий сайдыг хайж, нөгөөх нь завгүй “зугтаад” байгаа хэрэг. МАН-ын Засаг дарга нарыг баталгаажуулахгүй байгаагийн шалтгааныг тэд Засгийн газрын тэргүүнээс асуухыг хүсэж буй бол нөгөөх нь “тайлбар хийх цаг болоогүй” гэж үзэж буй бололтой. Бүлгийнхээ хуралд урьж, Н.Номтойбаяраас эхлээд өрөөнийх нь үүдийг сахиад ч тусыг эс олж байгаа гэнэ. Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль болоод гурван сар улирсан ч 21 аймгаас зургаа, есөн дүүргээс гурав нь Засаг даргагүй байна. “Толгойгүй” байгаа зарим газар Засаг даргын үүрэг гүйцэтгэгч томилох шийдвэрийг Ерөнхий сайд гаргасан нь сөрөг хүчний нүдийг бүлтийлгэж, уушгийг сагсайлгах болов. Үүнийг тэд “Үндсэн хууль зөрчсөн үйлдэл” хэмээн үзэж буй тул Цэцэд хандахаа мэдэгдээд буй юм. Засаг дарга бол тухайн шатандаа л “хаан” болсон албан тушаал учраас өрсөлдөөн их, улстөржилт чамгүй. Тиймээс Засаг даргын зөөлөн суудалд суух эрхэм хоёр төрлийн даваа давах ёстой. Хуулиараа сум, багийн Засаг даргыг ИНХ-д оролцож байгаа иргэд, аймаг, дүүргийнхийг ИТХ-аас нь нэр дэвшүүлж, дээд шатны Засаг дарга нь томилдог. Тэгэхээр нэр дэвшигч эхлээд ИНХ болон ИТХ-аасаа дэмжлэг авах учиртай. Хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 50-иас дээш хувийн санал авчихвал эхний даваагаа давлаа гэсэн үг.
“Визгүй” горилогч байхгүй, орлогч бий
Олонхийн санал авч, виз даруулаагүй горилогчийн нэрийг дээш нь явуулах боломжгүй. Тэгэхээр Засаг даргагүй үлдсэн зургаан аймаг, гурван дүүргийн ИТХ-аас санал болгосон хүмүүсийн хувьд эхний шатанд асуудал гараагүй гэсэн үг. Харин өрсөлдөөд олонхийн санал аваагүй нэг нь гомдолтой үлдсэнийг үгүйсгэхгүй. Эхний даваагаа давсан хүмүүсийнхээ нэрийг тухайн аймаг, дүүргийн ИТХаас санал болголоо, Ерөнхий сайд түүний туршлага, мэдлэгийг нэг удаа чамлах эрхтэй. Энэ тохиолдолд ИТХ 15 хоногийн дотор дараагийн хүнээ тодруулж, шийдвэрээ дээш илгээнэ. Уг шатанд Ерөнхий сайдад татгалзах эрх байхгүй. Тэр ИТХ-ын шийдвэрийг тав хоногт баталгаажуулах үүрэгтэй хэмээн хуульчилсан байна. Одоогийн байдлаар хоёр дахь удаагийн шийдвэрээ илгээсэн газар бас алга. Гэхдээ “визгүй” хүнийг Засаг даргын орлогчоор томилсон тохиолдол гарав. Хөвсгөл, Дорнодод ИТХаараа дэмжигдээгүй хүнийг Засаг даргын орлогчоор тавьжээ.
Эзэнгүй дүгнэлтүүдэд хэзээ хариу өгөх вэ
Засаг даргад нэр дэвшигч дээд боловсролтой, төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн болон татварын өргүй, ял шийтгэлгүй байх ёстой. МАН-ын Засаг даргад нэр дэвшүүлэгчдээс Хөвсгөлийн Л.Ганболд, Дорнодын М.Бадамсүрэн нар “Төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан” гэсэн шаардлагыг хангаагүй гэжээ. Үүнийг МАН-ынхан үгүйсгэж, намтар түүхийг нь дэлгэн танилцуулахдаа “Тэгвэл Төв аймгийн Засаг дарга Д.Баярбат, Баянхонгорын Б.Жаргалсайхан нарт ч ийм “дутагдал” бий шүү” хэмээн мэдэгдлээ. Орон нутгийн сонгуулиар МАН ялсан зургаан аймаг, гурван дүүрэг л ийнхүү үлдчихээд буйг МАНынхны зүгээс “цэвэр улс төр” хэмээн тайлбарлаж буй. МАН-ынхан, бас хэвлэлийнхэн элдэв таамаг дэвшүүлж, дор дороо дүгнэлт хийж байхад Ерөнхий сайд л энэ талаар ам нээсэнгүй. Засаг даргагүй аймаг, дүүрэгт ажил бүрэн утгаараа явахад хэцүүдээд буйг Засгийн газрын тэргүүн анхаарч л баймаар санагдана. Юутай ч шинээр томилогдсон Засаг дарга нар өнөөдөр Төрийн ордонд цуглана. Бас Төрийн байгуулалтын байнгын хороон дээр Ерөнхий сайд шалтгаанаа тайлагнах учиртай. Хариу нэхсэн элдэв таамаглал, хардлагад үндэслэлтэй хариу ирнэ гэж найдъя.