Аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нар Төрийн ордонд семинарт оролцож байна. Орон нутгийн удирдлагуудад Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд болон яамдын сайд нар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, төсвийг хэрэгжүүлэх асуудлаар нэгдсэн ойлголт өгч, аймаг, нийслэлийн ИТХ, Засаг даргын зорилт, чиг үүргийг хамтран тодорхойлох юм байна.
Энэ үеэр төсвийн ерөнхийлөн захирагчид орон нутгийн удирдлагатай гэрээ байгуулах бөгөөд гаргасан тушаал шийдвэр олон нийтэд ил тод нээлттэй байна, авлигын эсрэг тууштай тэмцэнэ, орон тоог нэмэгдүүлэхгүй, цомхон чадварлаг бүтэцтэйгээр ажиллана, аймаг орон нутагтаа шинэчлэлийн бодлогыг тууштай хэрэгжүүлнэ, хүнд суртлыг арилгана, улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөр, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг иргэдэд хүргэж ажиллана, аймгаа хот болгон хөгжүүлнэ, сумын хөгжлийг шинэ шатанд гаргана, өдөрт 12-оос дээш цагаар амралтын өдөргүй ажиллана, бямба, ням гариг бүрт сум багт хүрч ажиллана, гадаадад албан томилолтоор жилд хоёроос илүү явахгүй гэх мэт арван зарчмыг баримтлан ажиллах батламжид гарын үсэг зурцгаав. “Хөдөөгийн ноёд”- ын цугларалтад Ерөнхий сайдын батламжилсан 15 аймгийн “жинхэнэ”, одоо болтол Засаг дарга нь тодроогүй зургаан аймгийн даргын үүргийг гүйцэтгэгч “орлон тоглогч” нар иржээ.

Д.ОТГОО