Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди эдүгээ “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн есөн гишүүний нэг. Тэр сардаа
40 мянган ам.долларын цалин авдаг гэсэн мэдээлэл бий. “Оюутолгой” бол гаднын хөрөнгө оруулалттай компани. Хэдийгээр түүнийг уг албанд томилсон ч тэр Ерөнхийлөгчөөр ажиллаж асан хугацаандаа сонсож, хуримтлуулсан мэдээлэл, мэдлэгээсээ санаандгүйгээр гаднынханд “шипи” өгөх эрсдэлийг хэн ч үгүйсгэхгүй. Тус компанийн цахим хуудаст ТУЗ-ийн гишүүдээ танилцуулахдаа үүнийг батлах гэсэн мэт “ТУЗ-ийн гишүүд өргөн мэдлэг, ажлын дадлага туршлагад тулгуурлан шийдвэр гаргахад оролцдог” гэжээ. Ерөнхийлөгч байх үеийн мэдлэг, мэдээлэл нь Н.Багабанди гуайд хэрэг болох нь мэдээж.
Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ)-ийн гишүүн байдаг. Тэгэхээр тэд улс орны аюулгүй байдалтай холбоотой олон чухал мэдээллийн дунд бүрэн эрхийнхээ хугацааг өнгөрүүлсэн гэсэн үг. Мэдээлэл хүнд эрх мэдэл өгдөг. Тэр тусмаа тухайн улсын ҮАБЗ-д ажиллаж байсан хүний мэдээллийн хүч чадал их.
Гэтэл албаа өгснийхөө дараа тэдний тархин дахь “хар хайрцаг”-ны мэдээллийг хянах, ашиглахад хязгаар тавих хууль эрх зүйн орчин болоод нийгмийн ямар нэг хамгаалалт, хяналт алга. Гэтэл “За арай ч мэдлэг, мэдээллээ эх орныхоо төлөө ашиглахгүй биз” гэж найдах, зөвхөн ёс зүйд нь сохроор итгэх хэцүү. Тэдний тархин дахь мэдээллийг “ахуйн” хэрэглээнд хавчигдуулж, солилцоо хийлгэх ёсгүй. Яг л ийм агуулгаар гишүүн Г.Уянгын санаачилсан ҮАБЗ-ийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг эдүгээ УИХ хэлэлцэж байна.
ҮҮРД ТӨРИЙН ХҮН
ҮАБЗ-ийн гишүүн байсан 16 хүн бий. Тэд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын албаа өгсний дараа юу хүссэнээ хийх эрхтэй тул гадна, дотнын компаниудад зөвлөхөөр ажиллах нь элбэг. Улс төрөө орхиогүй бол шүү дээ. Энэ үедээ төрийн бодлого, “хар хайрцаг”-тай холбоотой мэдээллийг “хуваалцаж” орхих эрсдэлийг нь тооцоолж, дээрх төсөлд ҮАБЗ-ийн гишүүн байсан хүмүүс гадаад, дотоодын болон хамтарсан аливаа компанид ТУЗийн дарга, гишүүн, зөвлөх болон зөвлөх үүрэг бүхий албан тушаал хаших, зөвлөгөө өгөх хувийн компани байгуулан ажиллуулахыг хориглосон зохицуулалт оруулжээ. Сарын 40 мянган ам.долларын орлогыг нь “хамаад” явчихаар, зөвлөх хийж буй ҮАБЗ-ийн гишүүн асан нөхөд дургүйцэх нь мэдээж. Тэд бас л хүн, дутах юмгүй амьдармаар байдаг. Тэгвэл мэдээллийг хамгаалахын тулд хариуд нь хангамж санал болгов. Тэдэнд насаар нь Засгийн газрын гишүүний цалин олгоё гэж буй юм. Дээрээс нь үнэтэй мэдээлэл, туршлагыг зүгээр л гандаахгүйн тулд ҮАБЗ-ийн зөвлөх гэсэн орон тоо гаргаж ажиллуулах санал тавьсан. Ийм замаар төрийн дархлаа тогтоохыг хүсчээ.
ҮАБЗ-ийн гишүүний албанд томилогдох гэж буй хүн “Би дараа нь бизнес эрхлэхгүй, энд тэндхийн компанид ажиллахгүй, насаараа төрийн хүн байх болно” гэдгээ ухамсарласан байх ёстой болох нь. Энэ төсөл одоогийн УИХ-ын дар гыг эмзэглүүлж буй. Тэрбээр “УИХ-ын дарга 75 гишүүнээсээ давах мэдээлэлгүй, хамтын шийдвэр гаргадаг учир үүнд хамааруулах шаардлагагүй” гэсэн билээ. Хуулийг баталбал олон хүн уул уурхайн компани дахь хувь цаанаасаа, бизнесээсээ салах тул түүний адил эмзэглэж буй хүн цөөнгүй. Төслийг хэлэлцэх явцад гишүүдээс “Ерөнхийлөгч байсан хүн дахин улс төрд орохгүй байх ёстой. Мөн уг албыг хашиж байхдаа гаргасан шийдвэрийнх нь төлөө хорихгүй, эд хөрөнгө, эрүүл мэнд, гэр бүлд нь халддаггүй байх нь зөв” гэсэн санал гарсан. Мэдээллээ хаана, хэрхэн ашиглах хязгаар тавих санал ч гарав. Гол нь ҮАБЗ-ийн гишүүн асан хүн гадна, дотнын компанид өндөр цалинтай зөвлөх хийж, мэдээлэл, мэдлэгээ “худалдах” ёсгүй гэдэг санааг олонх дэмжиж буй юм.
Одоогийн хуулиар Ерөнхийлөгч асан хүн насаараа сайдын цалин авч байгаа. Мөн Төрийн тэргүүн, УИХ-ын дарга байсан хүн ажлаа өгсөн өдрөөс дөрвөн жилийн турш суудлын автомашин, холбоогоор үйлчлүүлж, төрийн тусгай хамгаалалтад байна. Ерөнхий сайдын тухайд Засгийн газрын гишүүнээр томилогдохоос өмнөх ажилд нь эргүүлэн ажиллуулах, эсвэл тухайн жилд амьд ралын түвшинг нь бууруулахгүй байлгах ёстой.
ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА
Монголоос бусад орон дээрх гурван албан тушаалд байсан хүмүүсийнхээ санах ойд хадгалсан мэдээллийн хамгаалалтад, өөрөөр хэлбэл, төрийн бодлого, аюулгүй байдалдаа санаа тавьдаг аж. Францад Ерөнхийлөгч байсан хүн Үндсэн хуулийн хяналтын байгууллага-Үндсэн хуулийн зөвлө лийн гишүүн болж, насан туршдаа төрийн зөвлөхийн хэмжээний тэтгэвэр авдаг юм байна.
ОХУ-д Ерөнхийлөгч асан нь насан туршдаа төрийн хамгаалалтад байж, тээвэр, холбоо, тусгай эмнэлгийн үйлчилгээ авдаг. Тэдний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг төрөөс дааж, идэвхтэй үйл ажиллагаа явуулахад нь зориулж зохих техник хэрэгслээр тоноглосон ажлын байр, туслахуудын аппаратыг ажиллуулахаар хуульчилсан байна. Ерөнхийлөгч байхдаа хийсэн үйлдлийнх нь төлөө эрүүгийн болон захиргааны хариуцлагад татахыг хориглосон зохицуулалттай улс ч бий.