Увс аймгаас УИХ-д нэр дэвшсэн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарыг эргүүлэн татах тухай яриа өчигдөр газар авлаа. МАН-аас УИХ-д нэр дэвшсэн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарт холбогдох Ардчилсан намын нэхэмжлэлтэй хэргийг Захиргааны хэргийн шүүх хянан хэлэлцээд тэднийг иргэдийн саналыг худалдан авах зорилгоор бэлэн мөнгө тараасан, сонгуулийн сурталчилгаа хаах үед мэдээлэл цацсан, насанд хүрээгүй хүүхэд, төрийн жинхэнэ албан хаагчийг сурталчилгаанд оролцуулсан гэж үзэж УИХ-ын гишүүний түр үнэмлэх болон СЕХ-ны холбогдох тогтоолыг хүчингүй болгох шийдвэр гаргасан аж. Энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатараас тодрууллаа.
-Захиргааны хэргийн шүүх уржигдар Б.Чойжилсүрэн Та хоёрыг УИХын гишүүнээс эргүүлэн татах шийдвэр гаргасан байна. Та энэ талаар ямар мэдээлэлтэй байгаа вэ?
-УИХ-ын сонгуулийн дараа Увс аймгаас сонгогдсон Б.Чойжилсүрэн гишүүн бид хоёртой холбоотой ташаа мэдээлэл олон удаа хэвлэлээр гарсан. Энэ бүхэнд бид хүлээцтэй хандаж ирсэн. Анхны шүүх хурал Захиргааны хэргийн шүүх дээр арваннэгдүгээр сард болж сонгуулийн тойргийн хорооны шийдвэрийг хэвээр үлдээсэн. Энэ удаагийн шийдвэр 01.00 цагт гарч, болсон явдлыг сайтууд өглөө нь эсрэгээр, анхан шатны шүүх хурал тойргийн хорооны шийдвэрийг хүчингүй болгосон гэж мэдээлж байх юм. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс уржигдар орой Ардчилсан намын нэхэмжлэлийг хангасан шийдвэр гаргалаа. Ямар ч байсан эхлээд шүүхийн шийдвэрийг албан ёсоор авна. Бид хоёрт давж заалдах эрх бий учраас дараагийн шатны шүүхэд хандана.
Т.ОТГОН