МҮАН-ын дарга М.Энхсайхан өчигдөр хэвлэлийн хурал зарлаж, төмөр замын салбарт үүсч буй хүндрэлийн талаар илтгэл тавихдаа шинэ төмөр замын төсөлд “Чингис” бондоос хуваарилахаар тооцсон мөнгө үр ашиггүй зарцуулалт болох гэж байгааг дуулгалаа. Улс орнууд уул уурхай дагасан төмөр замаар дамжуулан эдийн засгаа хөгжүүлдэг. Гэтэл төмөр замын хоёрхон гарцтай манай улсын хувьд монополь эрхтэй УБТЗ-ын шугам ч эрсдэлтэй байдалд орчихсон аж.
Тиймээс төмөр замын шинэчлэлийг цогцоор нь хийх ёстой юм байна. Тухайлбал, УБТЗ-ын ачаалал дээд цэгтээ хүрч, 1623 гүүр, хоолой, хиймэл төхөөрөмж ашиглаж байгаагийн 210 нь гэмтсэн, Туул, Хараа гол дээрх том гүүрний насжилт дуусч, хэзээ мөдгүй аюул нүүрлэхэд хүрчихсэн гэнэ. Хэрвээ сүйрэл ирлээ гэхэд энэ нь дан ганц тус салбарт биш, орлуулах тээвэр байхгүй манай эдийн засагт асар их хохирол дагуулна гэж тэр мэдэгдлээ.
Түүнчлэн сүүлийн өдрүүдэд дуулиан тарьж буй Тавантолгойн ордыг ашиглахтай холбоотой үйлдвэрлэл, технологийн төмөр зам барих ажилд салбарын яам хэт хөнгөн хандсан гэлээ. Засгийн газрын тэргүүлэх чиглэл болох зам харилцааны асуудлыг шийдэхдээ бүс нутгийн зам харилцааны интеграцид оролцох бодлогыг тодорхойлж, ОХУ, БНХАУ-тай транзит тээвэр болон төмөр замын талаар хамтран ажиллах гэрээ, хэлэлцээр хийж, хоёр хөршийн төмөр замын хөгжлийн төлөвлөлтийг тооцоололгүй, эрсдэлийн задлан шинжилгээ, техник, эдийн засгийн үндэслэл хийгдээгүй төслүүдэд бондын хөрөнгийг хуваарилах шийдвэр гаргах гэж байсан нь А.Гансүх, Х.Баттулга нартай зөрчилдөхөд хүргэсэн гэв.
Зам тээврийн яам 2009 оноос хойш шинэ төмөр замын ажлыг урагшлуулах ажил хийж байсан ч ямар ч төлөвлөгөө, үндэслэлгүй төслүүдийг санхүүжүүлсэн. Тухайлбал эзгүй хээр зураг, маршрутгүйгээр 100 км хөрс хуулж 10 тэрбум, мөн зураг төсөлгүйгээр геодези, геологийн ажил хийхэд 30 тэрбум, гаднын зөвлөх хөлслөхөд 10 тэрбум төгрөг цацсан гэнэ. Энэ ажлыг гүйцэтгэсэн дотоодын 30 орчим компани Засгийн газраас ажлын хөлсөө авч чадах эсэхээ мэдэхгүй зүдэрч байгаа.
Байдал ийм байхад Зам тээврийн яам алдаатай бодлогоо үргэлжлүүлж, улс орноо өрийн барьцаанд тавьж олсон 1.5 тэрбум ам.долларын бондын 400 саяыг нэр бүхий 22 компанид хувааж өгөх гэж байгаа гэнэ. Дуулиан дэгдээж буй төмөр замын салбарт үүссэн хүндрэлийн талаар сэтгүүлчдэд тавьсан илтгэлээ М.Энхсайхан УИХ болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдэд урьдчилан хүргүүлсэн бөгөөд нэг нь ч үүнийг няцаагаагүй гэсэн юм. Хэвлэлийн хурлын төгсгөлд М.Энхсайхан Х.Баттулгыг халз мэтгэлцээнд урьж буйгаа дуулгасан бөгөөд Шинэчлэлийн Засгийн газар төмөр замын асуудлаар эцсийн шийдвэрээ гаргаагүй байгаа. Улс орны эдийн засаг, стратегийн чухал салбарынхаа хүндрэл, гарцыг хэрхэн шийдвэрлэхээс Монгол Улсын хувь заяа шалтгаална. Хэрвээ Засгийн газар мөнгө угаах эрх ашгуудыг давж чадалгүйгээр буруу алхам хийвэл өөртөө ял өгөх ажилтай болно гэв.
Д.ОТГОН