Аймаг, дүүргийн шинээр томилогдсон Засаг дарга нар өчигдөр Төрийн ордонд хоёр дахь өдрөө чууллаа. Энэ үеэр зарим аймгийн Засаг даргатай уулзаж, тулгамдсан асуудал, өвөлжилтийн бэлтгэл, үйлдвэрлэл, ажлын байр зэрэг сэдвээр тодруулав.
Завханы 15-16 суманд байдал хүндрэхээр байгаа
Завхан аймгийн Засаг дарга Ж.Жамъянтив:
-Манай аймаг намар өвлийн бэлтгэлээ тааруухан базаасан юм байна. Одоогоор есөн суманд байдал нэлээд хүнд боллоо. Нийтдээ 15-16 суманд байдал хүндрэх төлөвтэй. Бид өвс, тэжээлээр хангах, Түдэвтэй сумын нутагт өвс татаж байршуулах хүсэлт тавьсан. Орон нутгийн чанартай цөөнгүй зам, даваа хаагдлаа. Тэнд байгаа иргэдийнхээ эрүүл мэндийг бас анхаарах хэрэгтэй болсон.
Бид хүчин чадлынхаа хэмжээнд арга хэмжээ авч байна. 2010 оны улсын нөөцийг үнэгүй, 2011 онд бэлтгэсэн өвсийг малчдад 50 хувиар хямдруулан худалдах шийдвэр гарсан. Түдэвтэй суманд 300-400 тонн өвс өгчихвөл байдал дээрдэнэ. 400.000 мал байнгын тэжээлд орсон, 2000 гаруй мал хорогдсон мэдээ байна. Шаардлагатай өвс тэжээлийг богино хугацаанд нийлүүлбэл өвлийг арай бага хохиролтой давах боломжтой.
Нефтийн Үйлдвэрийн барилгын ажлыг хавар эхлүүлнэ
Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат:
-Манай Дархан-Уул аймагт нефть боловсруулах үйлдвэр байгуулах шийдвэрийг Засгийн газар гаргасан. Уг үйлдвэр 2015 онд эцсийн байдлаар ашиглалтад орох ёстой. Орон нутгаас өнгөрсөн онд үйлдвэрийн бүсэд цахилгаан, төмөр зам бүхий нутагт газрыг нь шийдэж өгсөн. Энэ оны улсын төсөвт үйлдвэрийг барихад зориулан гурван тэрбум төгрөг төсөвлөсөн учир барилгын ажил хавраас эхэлнэ. Нефтийн үйлдвэр ашиглалтад орсноор ажлын байр нэмэгдэх юм.
Японы “Марубени”, “Тоёо инженер” компани үйлдвэр барихад хамтран ажиллаж байгаа. Тиймээс мэргэжилтэй ажилтнуудыг тус улсад шатлалтайгаар бэлтгэх боломж бүрдсэн. Манай аймагт 50 гаруй жилийн турш солиогүй байгаа орон сууцнуудын шугам хоолойг шинэчлэх шаардлагатай байна. Орон сууцны эрэлт хэрэгцээ их, түр оршин суугчдыг оруулаад 100 гаруй мянган хүн амтай учир шугам сүлжээг өргөтгөх хэрэгтэй болсон. Бид орон сууцны хороолол барих төлөвлөлтөө хийчихсэн, газар, барих хувийн компаниуд нь ч бас бэлэн. Тиймээс хувийн хэвшилтэйгээ хамтраад энэ ажлыг гүйцэтгэнэ.
-МАН-ын Засаг дарга нарыг Ерөнхий сайд батламжлахгүй, улстөржиж байна гэсэн шүүмжлэл бий. Та МАН-аас нэр дэвшиж томилогдсон Засаг дарга. Уг асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?
-АТГ зэргээс асууж шалгаад, болзол хангасан гээд л намайг томилсон. Ямар нэг асуудал үүсгээгүй.
Малчдыг хадлан тэжээлээ бэлтгэдэг систем рүү оруулахад анхаарна
Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан:
-Танай аймгийн зарим суманд өвөлжилт хүндрээд байгаа. Үүнтэй холбогдуулж ямар арга хэмжээ авч байна вэ?
-Манай аймгийн 4-5 суманд өвөлжилт хүндэрсэн. Он гарсаар цаг агаар дулаахан байна. Цас орвол хүндрэхээр арваад сум бий. Засгийн газар, Онцгой байдлын ерөнхий газраас тодорхой арга хэмжээ авч байна. Засгийн газраас машин техникээр хангаж, хаагдсан зам давааг нээж өглөө. Мөн улсын нөөцөд байгаа өвс тэжээлийг хямдралтай үнээр зарж борлуулах, хүргүүлэх ажил хийж байна.
-Аймгийн хэмжээнд тулгамдсан өөр ямар асуудал байна вэ?
-Өвөл болдгоороо л болно. Малчдыг хадлан тэжээлээ бэлтгэдэг систем рүү оруулахгүй бол алийн болгон холоос өвс, тэжээл тээх вэ. Энэ л маш хүндрэлтэй байна. Тийм учраас энэ тал руу төр бодлогоо чиглүүлж ажиллахгүй бол болохгүй нь. Мал аж ахуй бол Монголын ганц том үйлдвэрлэл шүү дээ. Үүнд гол анхаарлаа хандуулахгүй бол хаягдаад байна.
-Засаг даргаар томилогдсоноосоо хойш та бүтцийн өөрчлөлт хийв үү?
-Халаа сэлгээ хийхийг урьтал болгохгүй. Орон нутгийн бүтэц хараахан гараагүй байна. Түүнийг л хүлээсэн улсууд байгаа.
-Энэ жилээс аймгуудад төсвөө ерөнхийлөн захирах эрхийг нь олгоод байгаа. Аль салбартаа түлхүү хөрөнгө оруулах вэ?
-Орон нутаг хөгжүүлэх сангийн төсөв очсоноор нэлээд хэдэн сумын бэрхшээлтэй асуудлыг шийднэ. Аймгийн хэмжээнд гэр хороололд инженерийн шугам сүлжээ тавих, барилгын материалын үйлдвэр байгуулах тал дээр гол төсвөө тавьсан. Манай аймгийн хувьд “Шинэ сум, шинэ баг, шинэ хороолол, жишиг аймаг” гэсэн төсөл батлагдаж байгаа. Ийшээ нэлээд хөрөнгө оруулна.
Цахилгаанд 70 биш, 30 хувь хязгаарлалт хийж байна
Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Х.Түмэнбаяр:
-Танай аймагт гэрэл цахилгаан байнга доголддог. Саяхан 10 гаруй хоног цахилгаан тасарсан гэсэн. Энэ асуудлыг яаж шийдэх вэ?
-Өмнөговь аймгийн хувьд эрчим хүчний асуудал маш хүнд. Эрчим хүчний хүчин чадал жилээс жилд муудаж ирсэн. Гэтэл хэрэглээ ихсээд байдаг. Энэ жилээс төвийн эрчим хүчинд холбогдоно гэж байсан ч чадсангүй. Ер нь өөрийн нөөц бололцоогоор л явж байна. Орон нутгийн цахилгаан станц гурван мегаваттын хүчин чадалтай. Гэтэл дунджаар найман мегаваттын цахилгаан хэрэглээд байдаг.
Хуучин станцууд нь муудчихсан. Хоёр зуух, хоёр турбин нийлээд зургаан мегаватт цахилгаан гаргах ёстой байтал 2.5-ыг л арай ядан гаргаж байгаа. Хүчин чадал нь хүрдэггүй. Бид тодорхой арга хэмжээ авч байна. Одоохондоо дотоодынхоо нөөц бололцоогоор явахаас өөр аргагүй. “Энержи ресурс” компаниас тодорхой хэмжээний цахилгаан авах шаардлагатай байгаа тул хэлэлцээр хийж байгаа. “Энержи ресурс”- ын өөрсдийнх нь цахилгаан хүрэлцэхгүй асуудал бас байх шиг байна.
Хуучин засварт орсон станцууд өчигдрөөс (уржигдраас) засагдаад гэрэл цахилгаантай залгасан. Өмнө нь цахилгаанаа 70 хувь хязгаарлаж байсан бол 30 хувь болгож буурууллаа.
Улс төрийн зуданд дарагдчих гээд байна
Говьсүмбэр аймгийн ИТХ-ын дарга Л.Отгонжаргал:
-Говьсүмбэр аймгийн Засаг даргын асуудал одоо болтол эзэнгүй байгаа. Засаг даргыг орлож байгаа хүн бий юү?
-Манай аймаг Засаг дарга, Засаг даргын орлогч ч үгүй байгаа. Миний бие өмнө нь аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байгаад орон нутгийн сонгуулиар ИТХ-ын даргаар сонгогдсон. Засаг даргыг томилохгүй байгаа шалтгаан нь орон нутгийн сонгуулиар МАН хууль зөрчсөн хэмээн АН үзсэн. Хуулийн байгууллагаар шийдтэл Засаг даргыг томилохгүй байхыг АН-ынхан намынхаа удирдлагуудаас хүссэн юм шиг байгаа юм. Тиймээс АН-ын удирдлагууд, удирдах зөвлөлийнхөн болон Ерөнхий сайд энэ асуудлаар ухаалаг шийд гаргаж, орон нутгийн иргэдийн сонголтыг хүндэтгэнэ гэдэгт итгэж байна.
-Тэгвэл орон нутгийн үйл ажиллагаа тэр чигтээ зогсонги байдалд орсон гэж ойлгож болох уу?
-Ажил ерөнхийдөө зогсонги байгаа. Төсөв мөнгөө ч хэлэлцэж, баталж чадаагүй учраас бүхий л асуудал гацаад байна.
-Говьсүмбэр аймагт өвөлжилт ямар байна вэ?
-Ний нуугүй хэлэхэд өвөлжилт, цас зуднаас илүү улс төрийн зуданд дарагдчих гээд байна. Төсөв хэлэлцэж чадаагүй учраас орон нутгийн иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд улс төрийн байдал сөргөөр нөлөөллөө. Тухайлбал, халамж, газар олголт, тусламж хүссэн иргэдийн асуудлыг шийдэж өгч чадахгүйгээс эхлээд олон талын хүндрэл үүслээ. Улс төрийн хоёр том нам ард иргэд, орон нутгийн хөгжлийн төлөөх эцсийн зорилгоо санаж, зөв гарц олно гэж найдаж байна.
Долоон сум зудын байдалтай байгаа ч тартагтаа тулсан газар алга
Говь-Алтай аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ш.Амгаланбаяр:
-Танай аймгийн Засаг даргын албан тушаал хараахан эзэнтэй болоогүй байна. Засаг даргыг хэн орлож байгаа вэ?
-Засаг дарга томилогдсон ч батламжаа аваагүй байгаа учраас хуучин Засаг дарга нь бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа. Орон нутгийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.
-Аймгийн төсвийн захиран зарцуулах эрхийг орон нутагт нь олгосон. Танай аймаг төсвөө баталсан уу. Ирэх онд ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?
-Хөрөнгө оруулалтын зардал 11.7 тэрбум төгрөг гэж манай аймагт хуваарилсан. Гэхдээ энэ бол Засаг даргын мэдэлд зарцуулдаг хөрөнгө биш. Тухайн баг, суманд хийх ажлуудаа эрэмбэлээд, ард иргэдийн саналыг авч хэлэлцүүлээд, хэрэгжилтийг зохион байгуулна. Өөрөөр хэлбэл, иргэд ямар бүтээн байгуулалт хүсэж байна, түүнийг бид хийх ёстой. Иргэдийн оролцоотой төсөв, төлөвлөлт гэсэн зарчмаар хийх ажлаа тодорхойлохоор бүх суманд хэлэлцүүлэг явуулж байна.
-Говь-Алтай аймагт өвөлжилтийн байдал ямар байгаа вэ?
-Долоон сум зудын байдалтай байгаа ч тартагтаа тултал аргагүй байдалд орсон газар одоохондоо алга. Намар цас эрт орж, өвөлжөөндөө бууж чадаагүй айлууд цасанд даруулсныг эс тооцвол өвөлжилт гайгүй, мал хорогдоог үй. Шаардлагатай өвс тэжээлийг хямдруулаад хүргэхийн зэрэгцээ аймгийн нөөцөөс долдугаар сарын 1 хүртэл зээлээр тэжээл олгох ажил зохион байгуулсан.
Г.ОЮУНГЭРЭЛ, С.ТУУЛ, Р.ОЮУНЦЭЦЭГ