УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр Т.Хадхүүг томиллоо. Тус зөвлөлийн гишүүн Д.Батбаяр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул орны хүнийг нь ийнхүү томилсон юм. Саяхан шинэ даргатай болсон уг байгууллагын отгон гишүүнд төрийн албыг шинэчлэхэд хүчин зүтгэж, хуулиа мөрдөн ажиллахыг түшээд сануулсан. Төрийн албанд 15 жил ажилласан туршлагатай, хуульч мэргэжилтэй эл бүсгүй гишүүдийн сануулгад “Төрийн албыг тогтвортой ажиллуулах нь чухал. Мөн ард иргэддээ шуурхай үйлчлэх хэрэгтэй” гээд шинэчлэл хэрэгтэй гэдэгтэй санал нэгдэж буйгаа илэрхийлэв.