Чуулганаар хэлэлцсэн өөр нэг асуудал нь Шинээр боловсруулсан Газрын тухай багц хууль байлаа. Үүнд Газар албадан чөлөөлөх, Геодези, зураг зүйн, Тусгай хамгаалалттай газар нутгийн, Ойн болон Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг 20 орчим хуулийн төсөл багтаж байгаа юм. Газар албадан чөлөөлөх тухай хуультай холбоотой шүүмжлэл бас цөөнгүй гарч буй. Иргэдийн өмч руу халдаж болохгүй гэсэн энэ байр суурийг Я.Содбаатар дэмжив. Гишүүн Г.Баярсайхан “Газрын харилцаа бол улсын оршин тогтнох үндэс. Бид анх удаа бэлчээр эзэмшүүлэх асуудлыг энэ хуулийн хүрээнд хөндөж байна. Мөн ямар тохиолдолд газар албадан чөлөөлөхийг илүү тодорхой болгох хэрэгтэй” гэлээ. Газраар улс төр хийхгүй байх нь зөв гэсэн саналыг цөөнгүй хүн хэлэв. Сонгуулийн үеэр газрыг санал татах нэг чухал хэрэгсэл болгон ашиглах явдал байдгийг Д.Арвин сануулаад үүний эсрэг заалт хийх атал харин ч иймэрхүү агуулга төсөлд байна хэмээн үзэв. Энэ мэтээр гишүүд саналаа хэлсний дараа Газрын тухай багц хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.