“МАХН-ын дарга Н.Энхбаярыг Улсын клиникийн II эмнэлэгт шилжүүл” хэмээн 17 ээж өлсгөлөн зарлаад 10 хонож байгаа билээ. Тэдний дөрвийнх нь биеийн байдал муудаж, өчигдөр эмнэлэгт хүргэгдсэн байна. Харин МАХНаас өчигдөр мэдээлэл хийж, эдгээр ээж мөнгө, байрны төлөө өлсгөлөн зарлаагүй хэмээн мэдэгдэв. “Эрүүл мэндийн сайд Н.Удвал Н.Энхбаяр болон нэр бүхий хоёр хүнийг Улсын клиникийн II эмнэлэгт хэвтэн эмчлүүл гэсэн тушаал гаргасан. Энэ шийдвэрийг ШШГЕГ-ийнхан хэрэгжүүлэхгүй байгаагаас одоо хүртэл эмнэлэгт шилжээгүй байна” хэмээн МАХН-ын Хяналт ёс зүйн хорооны дарга Г.Давааням хурлын үеэр хэлсэн юм. ШШГЕГ-аас Улсын клиникийн II эмнэлгийн хэд хэдэн өрөөг хорих тусгай тасаг болгон янзлахаар болжээ. Үүнээс харахад удахгүй МАХН-ын дарга Н.Энхбаярыг тус эмнэлэг рүү шилжүүлэх бололтой.
Т.Сайнаа